Мэдээ Жиргэх

Туул голын тул загасны эмгэнэл

2016/07/23

Туул голын тул загасны эмгэнэл
Хэнтийн Хагийн хар нуураас эх авч Улаанбаатар хотоор дамжин Орхон голд цутгадаг Туул гол нийт 704 км урт замыг туулдаг. Түүний багахан хэсэг нь Улаанбаатар хотын тэг дундуур дайран өнгөрдөг ч Туулд хамгийн халтай хэсэг нь энэ. Туулыг бид нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр гэдгээр нь сайн мэднэ. Тийм ч учраас энэ голд асуудал тулгамдах бүрт “Нийслэлчүүд ундны усгүй боллоо”, “Улаанбаатар хотын иргэдийн ундны ус бохирдлоо” гэж зөвхөн өөрсдөдөө хамаатуулж ярьж, шуугисаар энэ гол зөвхөн дөрвөн уулын дундах 1.3 сая хүнийг тэжээж тэтгэх ширгэшгүй далай мэт төсөөлөгддөг болжээ. Таван аймгийн 37 сумын газар нутгаар дамжин өнгөрдөг Туул голоос зөвхөн хүн гэлтгүй байгалийн бусад амьтдын хувь заяа хамаардгийг умартжээ, бид.

Нийслэлийн эх захгүй хог хаягдал, барилгажилт, агаарын бохирдол, уул уурхайн олборлолтоос болж Туул гол жил бүр тасарч, бохирдол дээд цэгтээ хүрсэн нь Улаанбаатарын иргэдийн ундны усанд нөлөөлөөд зогсохгүй тэндхийн амьтан, ургамалд сүйрэл авчирч, эхнээсээ бүрэн устаж эхэлсэн харамсалтай мэдээг байгаль хамгаалагч, экологичид дуулгалаа. Хүн ч байгалийн амьтан. Тиймээс байгаль дэлхийтэй зохицон онгон дагшнаар нь үлдээж өгөөжийг нь хүртэхийг өнөө үед бид ногоон эдийн засаг гэж нэрийдэх болсон. Үүний адил Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдралын эх булгаа Туулаас хүртэж байгаа бол яг түүнтэй дүйцэхүйц хамгааллыг бий болгох ёстой. Харамсалтай нь сүүлийн 20 гаруй жил хатан Туулыг хайр найргүй хүйс тэмтэрсээр голыг амьдруулагч амьд организм, тэр дундаа усны амьтад мөхлийн ирмэгт иржээ.