Мэдээ Жиргэх

Онон, Балж голд тул загасны нөөцийг тогтоох судалгааг хийлээ

2016/10/14

Онон, Балж голын тул загасны судалгааг 2007 онд гадаадын мэргэжилтнүүд хийж 500 орчим байна гэсэн тоо гаргасан билээ. Үүнээс хойш ихэвчлэн загасчдын клубын гишүүд мониторингийн судалгаагаар тул загасны тоо толгойг тодорхойлж ирсэн. Энэ ажлын үр дүнг баталгаажуулах, нөгөө талаар тул загасны тархац байршил, нөөцийг судлаачдын багаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоох судалгааг хавар 2016 оны 05 сарын 28-наас 06 сарын 7-ны хооронд намар 09 сарын 28-наас 10 сарын 11-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Хайрханы голын цутгалаас эхлэн Дорнод аймгийн Баян-Уул сумын Ширгүүн аал хүртэлх загас агнуурын бүс нутгийг хамруулан хийлээ. Судалгааны ажилд Шинжлэх ухааны академийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын загас судлаач, доктор Б.Мэндсайханаар ахлуулсан мэргэжилтнүүд болон сумдын загасчдын клубын гишүүд оролцлоо.

Хаврын судалгаагаар тул загасыг нэг салаатай сэртэнгүй дэгээ, хиймэл өгөөшт уургаар барьсан бөгөөд загасны параметрийн хэмжилтүүдийг хийсэн. Дараа нь шилжилт хөдөлгөөнийг тогтоох зорилгоор тусгай T bar зүүлт\тэмдэглэгээг загасны нурууны сэлүүрийн доор байршуулаад усанд нь буцааж тавьсан байна. Энэхүү зүүлт нь загасанд ямарч хор хөнөөл учруулахгүй болохыг мэргэжилтнүүд хамтран туршлага судалж байгаа загасчдын клубын гишүүдэд тайлбарлаж байсан. Энэ судалгаагаар нийт 20 тул загасанд энэхүү зүүлтийг зүүжээ.  

Харин намрын судалгаагаар Агнуурын бүс нутгийн усан орчны экологийн төлөв байдлыг тогтоох зорилгоор усны ёрооолын шавжийн дээжийг 72%-ийн спиртийн уусмалд бэхжүүлэн авчээ. Мөн Тул загасыг нэг салаат сэртэнгүй дэгээ, хиймэл өгөөшт уургаар барьж загасны параметрийн хэмжилтүүдийг хийж буцаан тавьсан байна.

Судалгаанд 380-720 мм урттай тул загас, 350-480 мм урттай шөвгөр хоншоорт зэвэг загас,  482-650 мм урттай монхор хоншоорт зэвэг загас, 540-660 мм урттай Амарын цурхай, 547 мм урттай улаан живэрт загасыг бариад буцаан тавьсан байна. Мөн генетикийн судалгаанд зориулан тул, зэвэг загасны сүвийн сэлүүрээс багахан хэсгийг хайчлан авч 96%-ийн спиртэнд фиксацилан хадгалсан. Тул загасны заламгайн хавхлаганд шимэгчилж буй доод хавч, мөн цээжний сэлүүрэнд шимэгчилж буй хануур хорхойн дээжийг авч лабораторийн нөхцөлд тодорхойлж байгаа ажээ. 

Хаврын судалгаагаар Онон, Балж голын тул загасны улирлын нүүдэл, шилжилт хөдөлгөөн, байршил, дахин барилтыг тогтоох зорилгоор хийсэн T bar зүүлт\тэмдэглэгээтэй загаснаас намрын судалгаагаар нэг нь ч баригдаагүй байна. Үүний нэг шалтгааныг энэхүү намрын судалгааны үер Онон, Балж голын усны түвшин их байснаас загас цуглараагүй байршил газартаа жигд тархаж байсан, нөгөө талаас дахин барилтыг тогтоохын тулд урт хугацааны мониторинг судалгааг явуулах шаардлагатай байдаг талаар онцолсон байна. Мөн түүнчилэн загасны нурууны сэлүүрийн доор байршуулсан T bar зүүлттэй тул загас баригдвал дугаарыг нь сумын байгаль хамгаалагчдад цаг алдалгүй мэдээлж байх хэрэгтэй байна. Энэ мэдээлэл тул загасны нөөцийг тогтооход суурь мэдээлэл болдог юм.

 

Уг судалгааны багийнхан нэг удаагийн судалгаагаар цөөхөн тоотой тавьсан тэмдэглэгээгээр үр дүн гарахгүй тул цаашид судалгааг мониторинг байдлаар үргэлжүүлэх нь тул загасны популяцийн төлөв байдлыг тогтооход үр дүнгээ өгнө гэж хэллээ.

 

Мэдээлэл бэлтгэсэн: Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Зүүн бүсийн салбарын ажилтан Г.Болортуяа bolortuya@wwf.mn