Мэдээ Жиргэх

СИБИРЬ ТУЛ ЗАГАС

2016/10/25

Анх Сибирь нутгаас олдсон болохоор Сибирийнх хэмээн нэрлэх болсон байна. ОХУ-ын Сибирь болон манай орны хойд ба зүүн хэсэг гэсэн өргөн уудам энэ нутаг чухамдаа тул загасны өлгий нутаг юм. Харамсалтай нь, Сибирь нутагтаа хүний хөлөөс зайдуу орших багавтар гол мөрөнд л цөөн тоотой байж магадгүй гэсэн таавар төдий л үлдэж, Обь, Енисей, Ангар зэрэг том гол мөрөнд устах дөхжээ.

Харин манай оронд тул загас амьдардаг гол мөрөн, нуур элбэг. Тухайлбал, Хойд мөсөн далайн ай савын голууд болох Шишхэд, Эг, Үүр, Дэлгэр мөрөн, Идэр, Чулуут, Ерөө, Сэлэнгэ, Орхон, Туул голоос гадна Дархадын хотгорын Доод цагаан нуурт бий. Мөн нутгийн зүүн хэсэг дэх Номхон далайн ай савд багтдаг голд тул загас амьдарч байна.

Хэдийгээр эдгээр голууд бүгд л улсын хил даван урсдаг ч хилийн чанад дахь Орос улсын нутагт тул загас маш цөөн бий. Ялангуяа нутгийн гүн рүүгээ тул загас бараг л байхгүй болсон аж. Энэ нь голын дагууд алхам тутамд далан босгож, том усан цахилгаан станцууд барьснаас байгалийн унаган төрх өөрчлөгдөн тул загас амьдрах орчингүй болсонтой холбоотой юм. Учир нь тул загас бол хүчилтөрөгчийн хангамж маш сайтай, харгиа боргиотой, байгалиараа байгаа хамгийн цэнгэг усанд л амьдардаг. Иймд тул загасыг голын усны цэнгэг байдал ба байгалийн унаган төрхийг илэрхийлэгч индикатор гэж үздэг билээ.

Дэлхий дээр олон гол мөрөн байдаг ч тэдгээрийн дотроос цэнгэг усны хувьд хамгийн ач холбогдолтойд тооцогддог 20 том голын ай савыг хүн төрөлхтөн зайлшгүй хамгаалах ёстой эко-бүс нутаг хэмээн зарласан билээ. Үүний нэг нь Амар мөрөн юм. Учир нь Амар мөрөн эхнээсээ адгаа хүртэл хаалт далан, суваг үгүйгээр чөлөөтэй урсаж байгаа дэлхийн 5 том мөрний нэг.

Дэлхийн хамгийн ус ихтэй гол болох Амазонк, Африкийн Конго, Хятадын Хөх мөрөн, Тайланд, Лаос улсын хилийн дагуу урсах Меконг мөрөнтэй эн зэрэгцэн энэ ангилалд багтсан Амар мөрний эх нь манай Онон гол бөгөөд тул загасны жинхэнэ өлгий нутаг юм. Эндээс үзэхэд Онон голын сав газрын байгалийн төрхийг хадгалан үлдэх нь дэлхий дахинд бидний оруулж буй хувь нэмэр бөгөөд тул загасыг ч хамгаалж байгаа хэрэг болно.