Мэдээ Жиргэх

Онон голын тул загасны тоо толгой, нөөцийн судалгаа

2017/01/06

Манай орны тул загасны популяцийн хэмжээ сүүлийн 3 үе удмын турш 50%-иар буурч, тархалтын хэмжээ 1985 оноос хойш 60 орчим хувиар буурсан хэмээн үнэлсэн байдаг /Ососк ба бусад, 2006/. Олон улсын Байгаль Хамгаалах Холбооноос манай оронд тархсан тул загасны тархац 19.1%-иар хумигдсан хэмээн тэмдэглэсэн /IUCN Red List of Threatened Species Series, 2011/. Тул загасны идээшил нутаг нь алт олборлолт, орчны талхдалт, ой модыг их хэмжээгээр огтлох болон органик бохирдлын улмаас доройтолд орж байна. Мөн хууль бус агнуур, уур амьсгалын дулаарлаас үүдэн усны түвшин багасах, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн голын гульдралыг өөрчилсөнөөс амьдрах орчин доройтох, үржлийн болон идээших талбай устах, шилжилт хөдөлгөөнийг хааж усан цахилгаан станцын далан байгуулах, суваг шуудуу татах зорилгоор гульдралыг өөрчилснөөс усны горимыг алдагдуулах зэрэг нь тул загасны нөөц хомсдох үндсэн шалтгаан болж байна.

Иймд Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Улаан Дансанд 2012 онд “Эмзэг” “Vulnerable” (VU) гэсэн ангилалд бүртгэгдсэн. Монгол Улсын Загасны Улаан Дансанд “Устаж болзошгүй” A2de, A3de, B2ab (iii,v) гэж үнэлсэн. Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 248 дугаар тогтоолоор “ховор амьтан”-ны жагсаалтанд, 1987, 1997, 2013 оны “Монгол Улсын Улаан Ном”-нд бүртгэсэн. 2012 оны “Амьтны тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8.6-д зааснаар жил бүрийн 10 сарын 30-наас дараа оны  6 сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд барихыг хориглосон. Одоогоор зөвхөн Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /БОАЖЯ/-н тусгай зөвшөөрлийн дагуу эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор тул загасыг бариад буцаан тавина.  Хэрэв Амьтны тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд шүүх болон байгаль орчны хяналтын улсын байцаагч ЗГ-ын 2011 оны 23 тоот тогтоолоор баталсан “Ан, амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр тул загасыг 211000 төгрөгөөр үнэлээд, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актаар уг үнэлгээг 2 дахин өсгөн нөхөн төлүүлнэ /Бадамханд, 2014/.

Ан амьтны экосистемд үзүүлэх үйлчилгээ, үнэ цэнийг бууруулахгүй цаашид агнуурын ховор зүйлийн нөөцийг удаан хугацаанд тогтвортой өсгөх, орон нутгийн иргэдэд өгөөжтэй, агнуурын амьтны санд хал багатай ашиглахын тулд агнуурын бүс нутагт ховор амьтны тоо толгой, нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоон баталгаажуулах шаардлагатай байдаг.

Иймд ШУА-н Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын ЭШАА, загас судлаач доктор (Ph.D) Б. Мэндсайханы ахалсан судалгааны баг Онон голын сав газар, түүний загас агнуурын бүс нутгийг хамруулан хийсэн. Судалгааг Онон голын сав газрын сумд буюу Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Баян-Адарга, Норовлин, Дадал, Дорнод аймгийн Баян-Уул сумдад 2016 оны 5-6 сар болон 9-10 саруудад 3 долоо хоногийн хугацаатайгаар улиралын чанартай тус тус гүйцэтгэсэн. Онон-Балж голын загас агнуурын бүс нутагт загасны зүйлийн бүрдэл, нас, идэш тэжээлийг тодорхойлохдоо дэлхий нийтэд түгээмэл хэрэглэдэг арга зүйг ашигласан, тухайлбал (А) нүдэн баримжаагаар эргээс тоолон ажиглах арга, (Б) Pope-гийн (1972) Байгалийн нөөцийг тогтоох VPA (Virtual Population Analysis) аргачлал (В) Амьдрах чадварын коэффициентыг Гейнкийн аргаар (Г) Барих чадамжийн хоромхон зуурын коэффициентийг Rothschild, 1967-ийн арга зүйг ашиглан тус тус тооцоолон гаргасан байна. Сонирхуулахад загасны насыг заламгайн хавхаг, хайрс, хулхин чулуугаар тодорхойлдог бол идэш тэжээлийн судалгааг хийхдээ хоол тэжээлийн бүрэлдэхүүнд орсон амьтдын хэмжээг нийт тэжээлийн амьтдын жингийн хувь болон давтагдах давтамжийн хувиар тооцоолон гаргадаг. Харин Тул загасны шилжилт хөдөлгөөн, тархалт байршлыг тогтоохдоо 20 ширхэг тул загасны нурууны сэлүүрийн доор T bar зүүлт\тэмдэглэгээг байршуулан буцаан тавьснаар эргэн барилтаар тооцох бөгөөд ингэснээр тул загасны нөөцийг тогтооход суурь материал болох юм.

Дүгнэлт:

  1. Агнуурын бүс нутгийн хэмжээнд загасны зүйлийн бүрдэл нь бүс нутгийн хэмжээнд устаж болзошгүй “тул” загас, эмзэг ангилалд багтсан “зэвэг” загас зонхилж байгаагаас харахад нөхөн сэргээх чадварыг алдагдуулалгүйгээр байгалийн нөөцийг зохистой ашиглаж, хамгаалах нь чухал байна.
  2. Нүдэн баримжаагаар тоолох аргачлалыг барилтын чадавхитай хослуулан тооцоход загас агнуурын бүс нутгийн 240 км-т 808 тул загас байна хэмээн тоологдсон бөгөөд энэ нь 1 км-т 3.4 бодгаль загас оногдож байна. Гэвч судалгаанд оролцогчдын туршлага харилцан адилгүй байсан тул энэхүү тоо нь магадлал багатай юм. Харин Байгалийн нөөцийг тогтоох VPA (Virtual Population Analysis) аргачлалыг ашиглан Онон-Балж голын загас агнуурын бүс нутагт тул загасны нөөцийн судалгаа явуулж агнуурын бүс нутгийн 240 км-т тооцоолон үзэхэд 1318 (±96) болж байна. Тул загасны нягтшилтын хувьд энэ нь 1 км газарт 5.4 бодгаль оногдож байна.
  3. Онон-Балжийн сав газрын загас агнуурын бүс нутагт спорт зориулалтаар барих биеийн уртын хэмжээнээс давсан тул загасны популяцид эзлэх хувь (19.8%) бага байна. Энэ нь спорт зориулалтаар барих биеийн уртын хэмжээнээс давсан тул загас нь өсвөр насны тул загасаа бодвол спорт агнуурын дарамтанд их өртөж байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл Тул загас нь маш эмзэг бөгөөд бариад буцаан тавьсан тул загасны заламгайгаас цус алдах, заламгайн хавхаг гэмтэх зэрэг шалтгаанаас болж 4-9.6% нь хорогддог болохыг Эг-Үүрийн сав газрын тул загасны судалгаагаар гаргасан байна /David ба бусад 2007/. Мөн түүнчилэн Тул загасны популяци нь хожуу бэлгэ боловсордог, нөхөн төлжилт бага /шахсан олон мянган түрснээс 1-2 ш нь амьд үлдэх магадлалтай/, маш удаан өсдөг, урт насалдаг (60) зэрэг онцлог шинжээрээ бусад Хулдынханы овгийн загастай харьцуулахад хүндрэлтэй байдаг.
  4. Барих чадамжийн хоромхон зуурын коэффициентоор тооцоолсоноор тул загас (0.726), зэвэг загас (1.208) гарч байгаа нь энэ хоёр зүйл загасны барих чадамжийн хоромхон зуурын коэффициентоор зэвэг загас спорт агнуурт тул загаснаас илүү өртөх магадлал өндөр байгаа нь харагдаж байна.
  5. Агнуурын бүс нутагт тусгай зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас тухайн жилд ирсэн жуулчин-загасчдын тоо, бариад буцаан тавьж байгаа тул загасны талаарх мэдээллийг WWF-ээс эмхтгэн гаргасан “Сибирь тул загасны анхан шатны мэдээ цуглуулах, нэгтгэх арга зүй” дагуу, мөн тухайн жилд бариад буцаан тавьсан тул загасны биеийн урт, цээжний тойргийн уртын хэмжээг зохих хүснэгтийн дагуу бөглөж WWF-н зүүн бүсийн төвд өгч байх шаардлагатай байна.