Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Шөвгөр хоншоорт зэвэг

Англи нэр: Lenok or Asian trout

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Яргайтан

Овог: Хулдынхан

Төрөл: Зэвэг

Ерөнхий шинж:

Бие хажуугаасаа хавчгардуу. Ам тэгш, жижиг. Дээд эрүү богино, нүдний дунд хэсэгт хүрнэ. Биеийн зүс алтлаг бор буюу алтлаг бараавтар. Хайрс жижиг. Биеийн хажуу, толгой, нурууны болон сүүлний сэлүүрүүд дугуйвтар том хар толботой. Биеийн хажуугаар 5-6 зэсэн улаан судалтай. Нурууны сэлүүрийн ард өөхөн сэлүүртэй. Сүүлний сэлүүрийн ухлаадас бага. Нурууны сэлүүрт салаалаагүй III-V, салаалсан 10-11, сүвийн сэлүүр салаалаагүй III-V, салаалсан 9-12 гуурстай. Хажуугийн шугаманд 107-152 хайрстай. Эрүү, тагнайд тах хэлбэртэйгээр шүд үргэлж байршдаг.

Биологийн онцлог:

Монгол оронд тархан амьдрах зэвгэ загас нь 67 см, 6 кг хүрнэ. 6-7 насандаа биеийн урт 40-45 см, жин 700-900 гр хүрэхэд бэлгэ боловсорч үржилд орно. 4 сарын сүүлчээс 5 сарын дунд хүртэл усны хэм 6-12 болоход голоо өгсөн хайрга чулуун ёроол бүхий хэсэгт 0.5-0.8 м диаметртэй, 15-20 см гүнтэй үүр ухан бөөнөөрөө түрсээ шахан үржинэ. Атуу дунджаар 2500-7800 түрс гаргана. Түрсний диаметр (голч) 4.2-4.5 мм. Зэвгэ загас 13 насална. Зэвгэ нь усны ёроолын шавьж, хуурай газрын шавьж, жижиг загас, бие гүйцсэн том зэвгэ нь жижиг хөхтөнөөр хооллосон байдаг.

Амьдрах орчин:

Хүчилтөрөгчөөр баялаг, тунгалаг, жихүүн устай голууд, өндөр газрын нуурт амьдарна.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт эмзэг, A3d.

Тархац:

Сэлэнгэ, Дэлгэр мөрөн, Идэр, Орхон, Ерөө, Туул, Чулуут, Суман гол, Тэрхийн Цагаан нуур, Хөвсгөл нуур, Дархадын хотгорын нуур голууд зэрэг Хойд мөсөн далайн ай савд, мөн Онон, Хэрлэн, Халх гол, Буйр нуур зэрэг Номхон далайн ай савын нуур, голд тархана.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.