Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Потанины Алтайн сугас

Англи нэр: Potanin’s osman

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Алтайн сугасны

Ерөнхий шинж:

Нуруу хавиараа шаравтар ногоон өнгөтэй, толгой, нуруу орчим хар нөсөөжилттэй, хэвлий мөнгөлөг ихэнхдээ шар ногоон туяатай. Хайрс жижигхэн, хэвлийн хэсэг хайрсгүй. Өөхөн сэлүүргүй. Толгой урт биеийн уртын 28.5-33.5%-ийг эзэлнэ. Заламгайн хавхаг уртавтар гурвалжин хэлбэртэй. Нурууны сэлүүр өндөр. Доод эрүү дээд эрүүнээс давж гарсан. Залигуур араа нэг эгнээ, гол төлөв 6-5, ховор 5-5 (5-6 маш ховор) шүдтэй. Нурууны сэлүүрт салаалаагүй III, салаалсан 8(7), сүвийн сэлүүрт салаалаагүй III, салаалсан 8, хэвлийн сэлүүр салаалаагүй II, салаалсан 14-18, цээжний сэлүүрт салаалаагүй II, салаалсан 8 гуурстай. Заламгайн өргөс 18-20. Хажуугийн шугаманд 100-106 хайрстай.

Биологийн онцлог:

Цэнгэг, давстай нууруудын алинд ч амьдрах чадвартай. Амьдрах орчин, идэш тэжээлийн онцлогоос шалтгаалан Потанины Алтайн сугас нь ургамал идэшт шар сугас, махан идэшт нохой сугас, хөвөгч амьтдаар хооллогч шөвгөр хоншоорт гэсэн гурван хэлбэрийг үүсгэдэг. Нохой сугасны биеийн урт 100 см хүрнэ. Шар сугасны дээд доод эрүү бараг тэнцүү. Уруул махлаг зузаан. Шар сугасны биеийн урт 60 см хүрнэ. Шөвгөр хоншоорт сугасны биеийн урт 28 см-ээс хэтрэхгүй. Нохой сугас биеийн урт 20-24 см хүрэхэд 8-9 насандаа, шар сугас 17-19 см хүрэхэд 7-8 насандаа, шөвгөр хоншоорт 11-12 см хүрэхэд 4-5 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. 5 сарын эхээр нуурын мөс хайлахад үржиж эхлэх бөгөөд үржлийн хугацаа урт 8 сар хүртэл түрсээ хэсэг хэсгээр субстрат харгалзахгүй шахна. Үр тогтсон түрс усны ёроолын элс, хайрга чулуу, усны ургамалд наалдана. Түрс алтлаг өнгөтэй. Нохой сугасны атуу 27.2-100.0 мянган ширхэг, шар сугасны атуу 5.2-52.6 мянган ширхэг түрс гаргана. Нохой сугас ойролцоогоор 39-44 наслана. Нохой сугасны жараахай хөвөгч амьтад, ургамлаар хоолож байгаад бие гүйцсэн үедээ усны замаг, дээд ургамал, загасаар хооллоно. Шар сугас хөвөгч амьтад, усны ёроолын шавьжийн авгалдай, хара замаг, усны дээд ургамлаар хооллодог бол шөвгөр хоншоорт сугас хөвөгч амьтад, ургамлаар хооллоно. Баруун Монголын Төв Азийн гадагш урсгалгүй ай савын нуур, голын агнуурын үндсэн загас юм.

Амьдрах орчин:

Нохой сугасны жараахай нь эхний 2 жилдээ нуурын эргийн усны ургамал бүхий хэсэгт сүрэглэн идээшилнэ. Бие гүйцсэн нохой сугас нь эрэг орчмын ургамал бүхий хэсгээр ганц нэгээрээ идээшилж байгаад өвөлдөө нуурын гүн тийш шилжинэ. Хавартаа нуурын эрэг орчим, цутгал голуудад тархан идээшилнэ. Нохой, шар сугас, шөвгөр хоншоорт сугас нь алс хол нүүдэл хийдэггүй. Хар, Дөргөн нуурын системд Потанины Алтайн сугас нь Хомын хоолойд үржинэ. Шөвгөр хоншоорт сугас зөвхөн Хар нуур, Ногоон нуурыг холбодог Хомын хоолойд тархан амьдарна. Шөвгөр хоншоорт сугас нь өдөртөө нуурын гүн хэсэгт, оройдоо нуурын эргийн ургамал бүхий хэсэгт тархан идээшилнэ. Хавар 4-р сарын сүүлчээс Ховд, Завхан, Чонохарайх зэрэг голын цутгал хэсэг, Хом, Юм, Галын хоолой, Мэргэний хүзүүвч орчимд үржлийн сүрэг үүсгэж цуглаад үржсэний дараа идээшлэлт эрчимжиж Дөргөн нуурын сугас Хар нуурт, Тээлийн голын эхэн хэсгийнх Чонохарайх голын цутгалд, Хяргас нуурынх Айраг нуур-Галын хоолойн хэсгээр идээшилэн бэлчдэг. Үржлийн бус хугацаанд сүрэглэхгүй.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт анхааралд өртөхөөргүй

Тархац:

Төв Азийн гадагш урсгалгүй ай савын Их нууруудын хотгорын Хар, Хар-ус, Дөргөн нуур, Чоно харайхын гол, Айраг, Хяргас нуур, Завхан гол, Алтайн өндөрлөгийн Хотон, Хоргон, Даян, Ачит, Толбо нуур, Ховд голд тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 6-р сарын 15 өдрөөс 8-р сарын 30 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.