Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Амарын хадран

Англи нэр: Amur grayling

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Яргайтан

Овог: Хадрангынхан

Төрөл: Хадран

Ерөнхий шинж:

Нуруу ногоовтор туяатай бараан, биеийн хажуу бүдэг ягаан туяатай, хэвэл мөнгөлөг цайвар, биеийн хажуу талс хэлбэрийн хар толботой, хажуугийн шугамааас доош толбоны хэмжээ жижгэрч бүдгэрч цөөрдөг. Нурууны сэлүүрийн суурийн урт биеийн уртын 28.5-35.5%-тай тэнцүү. Бие маш нягт дунд зэргийн хайрсаар хучигдсан. Дээд эрүүний урт нүдний дунд хүртэл үргэлжилнэ. Өөхөн сэлүүр хэд хэдэн ягаавтар бүслүүр бүхий цайвар шаргал өнгөтэй. Нурууны сэлүүрийн захаар хүрэн ягаан жижиг толботой. Сүүлний сэлүүр улаавтар хүрэн өнгөтэй. Заламгайн өргөс 16-20 (22). Нурууны сэлүүрт салаалаагүй VII-X, салаалсан 11-14, сүвийн сэлүүр салаалаагүй III-IV, салаалсан 7-9, хэвлийн сэлүүр салаалаагүй I, салаалсан 13-16, цээжний сэлүүр салаалаагүй II, салаалсан 8-9 гуурстай. Хажуугийн шугаманд 78-100 хайрстай.

Биологийн онцлог:

Амарын хадран нь 30 см хүрнэ. 3-4 насандаа биеийн урт 20.6 см, жин 76 гр хүрэхэд бэлгэ боловсорч үржилд орно. Үржил 4 сарын сүүлээс ус 2.3-8.5 хэм болоход сүрэглэн гол өгсөн түрсээ шахна. Шаамий хавч, зөөлөн биетэн, өдөрч, хаварч зэрэг усны ёроолын шавьжийн авгалдайгаар хооллохоос гадна хуурай газрын шавьж ялангуяа далавчилсан шоргоолжоор хооллоно.

Амьдрах орчин:

Хүчилтөрөгчийн хангамж хамгийн ихтэй харгиа боргио бүхий хэсэг, бургасан шугуйт өндөр эрэг, хадан хясааны орчмоор, зөөлөн урсгалт хэсэгт нилээд гүн газраар зонхилон амьдарна. Зундаа тал хээрийн зөөлөн урсгалаар ховор болж голын эхэнд идээшилж байгаад намар гол уруудаж гүн хэсэгтээ ирж өвөлжинө.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт устаж болзошгүй, B2ab(iii, v)

Тархац:

Онон, Хэрлэн тэдгээрийн цутгал голуудад тархана. Халх гол, Буйр нуурт тэмдэглэгдсэн төдий.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.