Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Ердийн цурхай

Англи нэр: Pike

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Цурхайтан

Овог: Цурхайнханы

Төрөл: Цурхай

Ерөнхий шинж:

Бие сунаж уртассан, сум хэлбэрийн. Толгой уртавтар, дээд доод эрүү, тагнай, хэлэн дээр хүчирхэг шүдтэй. Доод эрүү дээд эрүүгээ давсан. Эрүүний завсар, тагнай, самалдаг, хэл, доод эрүүний ясанд хурц хүчирхэг шүдтэй. Хайрс жижиг, нимгэн. Биеийн зүс бор-ногоовтор, эрээн. Биеийн хажуугаар том элгэн хүрэн юмуу хар толбонуудтай, заримдаа хөндлөн судал үүсгэдэг. Нурууны сэлүүр болон ба сүүлний сэлүүр дээр бараан толботой. Нурууны сэлүүр сүвийн сэлүүрийн харалдаа байрлаж, нуруунаас хойшилж тогтсон.. Хэвлийн сэлүүр биеийн дунд хэсэгт хэвлийн доор байрлана.Нурууны сэлүүрт салаалаагүй VI-VII, салаалсан 14-16, сүвийн сэлүүр салаалаагүй VI-VII, салаалсан 11-13, хэвлийн сэлүүр салаалаагүй I, салаалсан 10-15, цээжний сэлүүр салаалаагүй I-II, салаалсан 9-11 гуурстай. Хажуугийн шугаманд 105-145 хайрстай.

Биологийн онцлог:

Цурхайн биеийн урт 1 м, жин 35 кг хүрнэ. 3-4 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. 4-р сарын эцэс 5-р сард усны температур 3-6оС болох үеэс үржил эхлэнэ. Үржлийн үедээ нуурын эрэг, булан тохой, голын адаг орчмын намуун урсгалтай, өнгөрсөн оны ургамлын үлдэгдэл ихтэй, 0.5-1.0 м орчим гүнтэй хэсэгт хуран цугларна. Атуу 14.8-121.0 мянган түрсийг эрэг орчмын усны ургамалд шахна. Түрсний голч 2.1-3.5 мм. Түрс наалдамхай учир усны ургамалд наалдан үр тогтсоноос хойш 2-3 хоногийн дараа наалдамхай чанараа алдан усны ёроолд живнэ. Ердийн цурхай ургамал ихтэй хэсгээр ганц нэгээ голдуу бүгэж байгаад ойролцоо өнгөрөх загас руу гэнэт довтлон барьж иддэг. Жарамгайн үедээ голлон хөвөгч амьтад, шавьжийн авгалдайгаар холлож байгаад бие гүйцсэн үедээ загасаар хооллоно.

Амьдрах орчин:

Урсгал намуун, ургамал ихтэй хэсгээр зонхилон идээшлэнэ. Хаврын сүүлчээр гүехэн булан тохойн наранд хурдан ээгддэг хэсгээр их дайралддаг. Зун цурхай их гүн биш, ургамалтай хэсгээр, өвөл гүн тийш шилжин нүүдэллэж, голын булан тохойн хуучин садрагын загас элбэгтэй гүн хонхорт очиж өвөлжинө.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт анхааралд өртөхөөргүй.

Тархац:

Сэлэнгэ мөрөн түүний цутгал голууд, Өгий, Тэрхийн цагаан нуурт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.