Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Алгана

Англи нэр: Perch

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Алганатан

Овог: Алганыхан

Төрөл: Алганы

Ерөнхий шинж:

Бие харьцангуй өндөр, хоёр хажуугаасаа хавчгар. Толгой том. Эрүү,самалдаг, тагнайд олон эгнээ өргөслөг шүдтэй. Заламгайн хавхагын хойт зах хурц нимгэн ялтастай. Өргөслөг самлаг жижиг хайрстай. Хайрс арьсанд маш бөх суусан. Нурууны эхний сэлүүр салаалаагүй XIV-XV хатгууртай, дараах хэсэгт салаалаагүй I-II, 13-15 салаалсан гуурстай. Сүвийн сэлүүр салаалаагүй II, салаалсан 8-10 гуурстай. Хажуугийн журамд 58-69 хайрстай. Заламгайн эхний нуманд 20-25, дунджаар 23.3 өргөстэй. Нурууны эхний сэлүүрийн төгсгөлд зууван хар толботой. Нуруун тал хар ногоон, хоёр хажуу шар алаг зүстэй. Биеийн хоёр хажуугаар 5-6 хөндлөн хар ногоон судалтай. Сэрвээ, живэр боровтор. Хэвлийн, сүвийн, сүүлний сэлүүр улбар зүстэй.

Биологийн онцлог:

Алгана 42 см, 2 кг хүрнэ. 3-4 насандаа бэлгэ боловсорно. Алгана 4-р сарын сүүлчээс 6-р сарын эхний хугацаанд түрсээ усны ургамал элбэгтэй нуурын хоолой, голын эргийн ургамал дээр туузархуу маягаар түрсээ орхидог. Алганын түрсний голч 2-2.5 мм, Алгана хол нүүдэл хийдэггүй. Атуу 9.5-67.7 мянган түрс гаргана. Бие гүйцсэн алгана жижиг загас, агнуурын болон агнуурын бус загасны жарамгайгаар хооллоно. Алгана бүхий л жилийн турш идэвхитэй хооллодог.

Амьдрах орчин:

Гол мөрөн, нуурын ургамал элбэгтэй, намуун урсгалтай газар амьдрахад зохицсон. Хурдан урсгалтай голд амьдарч чаддаггүй. Залуу алгана ихэвчлэн сүрэглэн амьдардаг. Өсвөр алгана усны гүехэн, урсгал намуун хэсэг бараадан үе үе сэлүүрээ усны мандалд ил гаргаж хошууран бөөгнөрдөг. Бие гүйцсэн Алгана ихэвчлэн усны гүн, задгай газарт ганц ганцаар амьдардаг. Хавар зуны улиралд эрэг бараадасхийж байгаад намар гүн тийш шилжинэ.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт анхааралд өртөөгүй.

Тархац:

Хойд мөсөн далайн ай савын Сэлэнгэ мөрний сав газрын нуур голууд, Тэрхийн цагаан, Өгий, Хөвсгөл нуур, Дархадын Доод Цагаан нуурт, Номхон далайн ай савын Хэрлэн, Онон, Оршуун, Халх гол, Буйр нуурт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.