Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Ердийн цулбуурт

Англи нэр: East Asian catfish

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Цулбууртан

Овог: Цулбууртынхан

Төрөл: Цулбууртын

Ерөнхий шинж:

Толгой том, хавчгар, хошуу дугуй хэлбэртэй. Ам том, эрүү, самалдагтаа шүдтэй. 2 хос сахалтай: 1 хос урт сахал дээд эрүүнд байдгаас цулбуурт гэдэг нэртэй болсон. 1 хос сахал доод эрүүнд байна. Арьс хайрсгүй, нүцгэн. Сүүл урт, сүүлний сэлүүр дугуй. Өөхөн сэлүүр байхгүй. Нуруу, хажуу тал бор ногоон зүстэй. Өехийн сэлүүрээс бусад нь нурууны зүстэй ижил байна. Хэвэл цайвар. Нурууны сэлүүрт салаалсан 4-5, сүвийн сэлүүр салаалсан 79-81, хэвлийн сэлүүрт салаалаагүй I, салаалсан 12-13, цээжний сэлүүрт салаалсан 10-12 гуурстай. Заламгайн өргөс 8-14.

Биологийн онцлог:

Ердийн цулбуурт нь 1 м, жин 8 кг хүрнэ. Биеийн урт 35.0-37.0 см хүрэхэд 4-5 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. 5-р сарын сүүлчээс 7-р сарын дунд хүртэл үржлийн хугацаа үргэлжлэнэ. Үржлийн үеийн усны температур 16-18оС. Түрсээ өнгөрсөн оны ургамал элбэгтэй булан тохойн 0.1-0.7, дунджаар 0.5 м гүнтэй хэсэгт шахна. Атуу 22.2-92.7 мянга, дунджаар 54.9 мянган түрстэй. Ихэвчлэн агнуурын ач холбогдол багатай жижиг загас, усны шавьжийн авгалдай, хавчаар хооллоно.

Амьдрах орчин:

Нуур голын эрэг орчмын ургамал элбэгтэй, лаг шаварлаг хурдастай ёроолын хэсгээр тархан амьдарна. Хөвж, сэлэх нь бага учир ёроолын амьдралын хэвшилтэй загасанд тооцогдоно. Шөнийн цагаар идэвхитэй гөрөөлдөг махан идэшт загас.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт анхааралд өртөхөөргүй.

Тархац:

Номхон далайн ай савын Буйр нуур, Оршуун, Халх, Онон, Хэрлэн гол тэдгээрийн цутгал голууд, жижиг нуураар тархан амьдарна. Оросын Холбооны Улсын Галуут нуурт 1940 онд нутагшуулсаны дүнд Хойд мөсөн далайн ай савын Сэлэнгэ мөрнийг өгсөж Орхон, Хараа, Туул, Ерөө гол, Өгий нуурт тархах болсон.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.