Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Чекановын варлан

Англи нэр: Czekanowskii’s minnow (Англи нэр)

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Варлангийн

Ерөнхий шинж:

Энэ зүйл нь гадаад байдлаараа нуурын варлантай төсөөтэй боловч биеийн хэмжээ, өнгө зүсээрээ ялгаатай. Чекановын варлангийн бие тод жижигхэн бараан толбоор бүрхэгдсэн, үл мэдэгдэм тууш бараан судалтай, Нуруу боровтор бараан, хажуу тал алтлаг бор, хэвлий цайвар. Дух хүнхэр. Нүдний голч нүд хоорондын зайн 72-77%-тай тэнцүү. Толгойн урт биеийн өндрөөс их. Ам жижигхэн. Дээд эрүү доод эрүүгээ давсан. Хайрс жижигхэн. Цээжний сэлүүрийн эцсийн гуурсын харалдаа шугамаас нурууны сэлүүр эхэлдэг. Нурууны ба сүвийн сэлүүр богинохон, дугуйвтар. Сүүлний сэлүүрийн бариул богино өндөр. Жижигхэн загас. Залигуур араа хоёр эгнээ шүдтэй. Нурууны сэлүүрт салаалаагүй III, салаалсан 7, сүвийн сэлүүрт салаалаагүй III, салаалсан 6(7), хэвлийн сэлүүрт салаалаагүй I, салаалсан 12-13, цээжний сэлүүрт салаалаагүй II, салаалсан 6(7) гуурстай. Хажуугийн шугам бүрэн бус, 82-89 хайрстай . Заламгайн өргөс 8-9.

Биологийн онцлог:

Агнуурын бус жижиг загас. Чекановын варлангийн биеийн урт 10 см хүрнэ. 2 наснаас бэлгэ боловсордог. 6-р сарын хоёрдугаар хагасад үржиж хайрга чулуунд түрсээ шахна. Түрс наалдамхай чанартай. Үржлийн үед атуухын толгой дээгүүр төвгөр үүсэхгүй. Атуу 0.6-1.0 мянган ширхэг түрс гаргана. Чекановын варлан замаг, хөвөгч амьтад, ёроолын шавьжийн авгалдайгаар хооллоно. Чекановын варлан нь агнуурын загасны үндсэн тэжээл болдог.

Амьдрах орчин:

Чекановын варлан нь гол төлөв голын урсгал ихтэй хэсгээр тархана. Мөн түүнчлэн нуур, цөөрөм, голын салаануудын тогтуун хэсгээр сүрэглэн амьдарна.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт мэдээлэл дутмаг.

Тархац:

Номхон далайн ай савын Хэрлэн, Онон, Балж, Улз, Халх гол, Буйр нуурт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.