Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Алтлаг хэлтэг

Англи нэр: Crucian carp

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Хэлтэг

Ерөнхий шинж:

Хэвлий цайвар. Биеийн хажуу зэсэн улаан буюу алтлаг. Сэлүүрүүдийн үзүүр бараан улаавтар. Хайрс гөлгөр. Нурууны сэлүүр бага зэрэг дугуй. Сүүлний ухлаадас бага. Бие өндөр, бөөрөнхий. Нуруу зузаан. Нурууны сэлүүрт салаалаагүй III-IV, салаалсан 14-21, сүвийн сэлүүрт салаалаагүй II-III, салаалсан 6-8 гуурстай. Залгиур араа нэг эгнээ 4-4 шүдтэй. Заламгайн өргөс 23-35. Хайрс том. Хажуугийн шугаманд 32-35 хайрстай.

Биологийн онцлог:

Биеийн урт 45 см, жин 3.0 кг хүрнэ. 4-5 насандаа бие гүйцэж үржилд орно. Усны температур 14 хэм болоход түрсээ шахаж эхэлнэ. Үржлийнхээ үед сүрэг үүсгэн түрсээ хэсэгчилэн усны ургамалд шахна. Атуу 300.0 мянган ширхэг түрс гаргана. Агнуурын ач холбогдолтой. Алтлаг хэлтэгний жараахай хөвөгч амьтдаар хооллох ба бие гүйцсэн загас ургамал, хөвөгч амьтад, усны ёроолын шавьжийн авгалдай, ялзмагаар холлоно. Амьдарч байгаа усан сангийн тэжээлийн баазаас хамааран өсөлт харилцан адилгүй байдаг. Тэжээл сайтай усан санд амьдардаг хэлтэгний бие өндөр, хурдан өсөлттэй байдаг. Тэжээл муутай үед бие давжаарч удаан өснө.

Амьдрах орчин:

Бүлээн усны загас. Голдуу намгархаг, ургамал их ургасан нуурын тохой, голын урсгал багатай, хурдан халдаг, тогтуун хэсэгт тархан амьдарна. Дасан зохицох чадвар сайтай. Зарим үед тогтуун устай гүехэн хэсэг нь ёроолдоо хүртэл хөлдөх эсвэл хатаж ширгэхэд ёроолын шавран хөрсөнд орон хатуу өвөл, хуурай зуныг давах чадвартай.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт үнэлэх боломжгүй

Тархац:

Булган голд тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.