Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Мөнгөлөг хэлтэг

Англи нэр: Prussian carp

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Хэлтэг

Ерөнхий шинж:

Нуруу ногоовтор бараан, хажуу мөнгөлөг, хайрс нь захаараа бараан эмжээртэй. Нурууны сэлүүр урт. Хайрс том, нягт сууж өгсөн. Ам тэгш, бага шиг жишүү. Сүүлний сэлүүрийн ухлаадас Алтлаг хэлтэгээс их. Залигуур араа нэг эгнээ 4-4 шүдтэй. Нурууны сэлүүрт салаалаагүй III-IV, салаалсан 15-17, сүвийн сэлүүрт салаалаагүй III, салаалсан 5 гуурстай. Заламгайн өргөс 41-51. Хажуугийн шугаманд 26-32 хайрстай.

Биологийн онцлог:

Биеийн урт 45 см, жин 1.0 кг хүрнэ. 2-3 насандаа биеийн урт 12 см хүрэхэд бие гүйцэж үржилд орно. Үржил 5-р сарын сүүлийн хагасаас 7-р сарын дунд үе хүртэл усны температур 14-15 хэмд үргэлжилнэ. Үржлийн хугацаандаа 3 удаа түрсээ хэсэгчилэн усны ургамалд шахна. Атуу 32.0-135.4 мянга, дунджаар 78.6 мянган ширхэг түрс гаргана. Агнуурын ач холбогдолтой. Буйр нуурын загас агнуурт 40.9%-ийг эзэлдэг. Мөнгөлөг хэлтэг нь элдэв идэшт. Гол төлөв хөвөгч амьтад, усны ёроолын шавьжийн авгалдай, замаг, усны ургамал, ялзмагаар холлоно.

Амьдрах орчин:

Бүлээн усны загас. Хүчилтөрөгчийн дутагдал багатай, бага зэргийн бохирдсон усанд амьдрах чадвартай. Мөнгөлөг хэлтэг нь ихэвчлэн нуурын эргийн усны ургамал элбэгтэй нарны илчинд амархан халдаг газар сүрэглэн амьдарна. Зуны улиралд нуурын эргийн амархан халдаг гүехэн хэсэг, голын хажуугийн жижиг цөөрөмд сүрэглэн идээшилнэ. Үндсэн голд бараг тохиолддоггүй. Өвлийн улиралд нуур руу шилжиж, эсвэл голын цүнхээл хэсэгт бөөгнөрөн өвөлжинө. Хавар нь мөс гэсэх үед өвөлжөөнөөсөө харьцангуй бүлээн устай гүехэн хэсэг рүү шилжилт хийж идээшилнэ.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт анхааралд өртөхөөргүй.

Тархац:

Хойд мөсөн далайн ай савын Сэлэнгэ мөрний сав Орхон, Хараа, Ерөө, Туул, Өгий нуурт, Номхон далайн ай савын Онон, Хэрлэн, Улз, Цөх гол, Хөх, Буйр, Халх гол, Дөрөө, Тээлийн цагаан нуурт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.