Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Булуу цагаан

Англи нэр: Asian common carp

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Мөрөг

Ерөнхий шинж:

Нуруу боровтор хүрэн, биеийн хажуу алтлаг, хэвлий шаравтар, хайрсны захаар бараан эмжээртэй. Хоёр хос богинохон сахалтай. Доод амтай. Нурууны сэлүүр урт. Залигуур араа гурван эгнээ 1.1.2-3.1.1 шүдтэй, хивүүр мэт гадаргуутай. Нуруу болон сүвийн сэлүүрийн эхний ясан гуурс хөрөө мэт шүдэлсэн. Нурууны сэлүүрт салаалаагүй III-IV, салаалсан 15-20, сүвийн сэлүүрт салаалаагүй III, салаалсан 5-6 гуурстай. Заламгайн өргөс 23-28. Хажуугийн шугаманд 37-40 хайрстай.

Биологийн онцлог:

Биеийн урт 1 м, жин 16 кг хүрнэ. 3-5 насандаа биеийн урт 25 см хүрэхэд бие гүйцэж үржилд орно. 6 сарын эхээр усны температур 18-20 хэм болоход үржинэ. Үржлийн хугацаандаа түрсээ хэсэгчилэн усны ургамалд шахна. Түрс наалдамхай чанартай. Атуу 9.0 мянгаас -1.8 сая ширхэг түрс гаргана. Дөнгөж гарсан авгалдай усын ургамалд зүүгдэн хөвөгч амьтдаар хооллох ба жараахай нь ёроолын шавьжийн авгалдай, усны ургамал дунд амьдрах янз бүрийн шавьж хорхойгоор хооллоно. Бие гүйцсэн булуу цагаан зөөлөн биетэн, усны дээд ургамал, ургамлын үр, ёроолын шавьжийн авгалдайгаар хооллоно. 30 нас хүрнэ. Агнуурын ач холбогдолтой. Буйр нуурын загас агнуурт 50.6%-ийг эзэлж байсан боловч эрчимтэй агнуурын нөлөөгөөр сүүлийн 20 жилд эзлэх хувь буурсан.

Амьдрах орчин:

Бүлээн усны загас. Булууцагаан нуурын гүн хэсгээр зонхилон амьдардаг боловч хавар голын шар ус гүйж эхлэх үеэс нуурын зах руу сүрэглэж эхлэнэ. Хөгшин Орхон голын эргийн 30-60 см гүнтэй ээвэр дулаан булан, тохойд булууцагаан загас сүрэглэн идээшилнэ. Өвөлдөө нуурын гүн, голын адгийн цүнхээлд өвөлжинө.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт үнэлэх боломжгүй

Тархац:

1935 онд Амар мөрний саваас Ангар мөрөнд аваачиж нутагшуулсан булууцагаан Сэлэнгэ мөрөн өгсөж Орхон голоор дамжин Өгий нуурт ирж суурьшсан. 2000-2005 оны үед Өгий нуураас загас агнуурт бага хэмжээгээр баригдаж байна. Номхон далайн ай савын Онон, Хэрлэн, Халх гол, Дөрөө, Буйр нуурт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.