Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Цагаан догтор

Англи нэр: Red fin culter

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Цагаан догтор

Ерөнхий шинж:

Нуруу боровтор-шар, заримдаа боровтор ногоон. Биеийн хоёр хажуу ба хэвлий мөнгөлөг. Цээжний сэлүүр шаргал, хэвлийн болон сүвийн сэлүүр цайвар-ягаан туяатай. Ам хөндлөн. Доод эрүү дээшээ хүчтэй матийсан. Бүх сэлүүрүүдийн үзүүр бараан. Хайрс жижиг, хайрс тус бүрийн захаар олон тооны хар цэгээс тогтсон эмжээртэй. Нүдний солонгон бүрхүүл мөнгөлөг, заримдаа шаргал. Нурууны сэлүүрт салаалаагүй III, салаалсан 7-8, сүвийн сэлүүрт салаалаагүй III, салаалсан 21-25 гуурстай. Заламгайн эхний нуманд 22-27 өргөстэй. Хажуугийн шугам 81-96 хайрстай.

Биологийн онцлог:

Биеийн урт 100 см, жин 9 кг хүрнэ. 6-7 насандаа биеийн урт 40 см хүрэхэд бие гүйцэж үржилд орно. 7 сард түрсээ усны гүнд элсэрхэг хөрсөнд шахна. Атуу 65.5-554 мянган ширхэг түрс гаргана. Жараахай хөвөгч амьтдаар хооллож байгаад 6-7 см хүрэхэд загасаар хооллож эхэлнэ. Өлгөр цагаан нь загасаар хооллодог махчин загас. Гол хоол тэжээлд хавчиг загас, хэлтэг, амарын сугас орно. Усны гүнд хавчаар хооллодог. Буйр нуурын агнуурын загасны 3%-ийг эзэлдэг.

Амьдрах орчин:

Нуурын гүнд амьдарна. Намар гол руугаа орон идэвхитэй хооллодог

Хамгаалалтын статус:

Бүс нутагт үнэлэх боломжгүй

Тархац:

Номхон далайн ай савын Буйр нуурт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.