
Зүйлийн нэр: Морин тавхарал, морин загас
Англи нэр: Horse gudgeon
Хүрээ: Хөвчтөн
Анги: Дэвүүр сэлүүрт загас
Баг: Мөрөгтөн
Овог: Мөрөгийнхөн
Төрөл: Морин загас
Ерөнхий шинж:
Бие ерөнхийдөө нэг өнгийн биеийн хажуугаар толбо байхгүй. Нуруу ногоовтор бараан, биеийн хажуу бараавтар-мөнгөлөг. Хэвлий цайвар. Биеийн хажуугийн хайрс хар эмжээрэн хөвөөтэй. Хошуу шөмбөгөр урт. Уруулууд махлаг, завьжиндаа богиновтор хос сахалтай. Толгойн урт биеийн уртын 25-28%-ийг эзэлнэ. Биеийн өндөр уртын 22-25%-тай тэнцүү. Нурууны сэлүүрт салаалаагүй III, салаалсан 7, сүвийн сэлүүрт салаалаагүй III, салаалсан 5-6 гуурстай. Заламгайн эхний нуманд 15-20 өргөстэй. Хажуугийн шугам 48-52 хайрстай.
Биологийн онцлог:
Биеийн урт 60 см, жин 2 кг хүрнэ. 4-5 насандаа үржилд орно. Үржил 5-р сарын дундаас 6-р сард явагдах ба түрсээ Халх гол, Оршуун голын ам хавиар элс, хайрга чулуун хурдас дээр хэсэг хэсгээр шахна. Түрс цэнхэр ногоон өнгөтэй, жижгэвтэр. Атуу 14.4-42.2 мянган ширхэг түрс гаргана. Морин загас үржлийнхээ дараа 7-р сарын сүүлч 8-р сард эрчимтэй идээшилэх ба төрөл бүрийн усны ёроолын шавьжийн авгалдай, зарим тохиолдолд голдуу леандр хавчаар хооллосон байдаг. Морин загас агнуурын ач холбогдолтой. Буйр нуурын агнуурын загасны 1.9%-ийг эзэлдэг.
Амьдрах орчин:
Морин загас нуурын төв хэсгээр амьдардаг. Дулааны улиралд ургамалтай хэсгээр зонхилж, өвөл гүнд өвөлжинө. Халх голын цутгалаар байнга бэлчээрлэн идээшилнэ.