Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Дух давхаа

Англи нэр: Silver carp

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Давх

Ерөнхий шинж:

Бие дугуй, өндөр, маш жижиг хайрсаар хучигдсан. Нуруу, сэрвээ хар ногоовтор, хоёр хажуу, хэвэл мөнгөлөг цагаан, нурууны болон сүүлний сэлүүр улбар өнгөтэй. Ам тэгш, дээш хандсан. Заламгайн өргөс нийлэн ургасан туузархуу хэлбэртэй. Толгой өргөн, нүд толгойн тал дунд байрласан. Нүдний солонгон бүрхүүл мөнгөлөг. Ам хагас дээд, сахалгүй. Залигуур араа нэг эгнээ 4-4 шүдтэй, хэвүүр гадаргуугүй. Сүвийн сэлүүр нурууны сэлүүрээс урт. Нурууны сэлүүрт салаалаагүй III, салаалсан 7, сүвийн сэлүүрт салаалаагүй II-III, салаалсан 11-14 гуурстай. Заламгайн эхний нуманд 15-20 өргөстэй. Хажуугийн шугам 110-124 хайрстай.

Биологийн онцлог:

Биеийн урт 100 см, жин 16 кг хүрнэ. 5-6 насандаа үржилд орно. Хоёр голын цутгал орчим, голын харьцангуй ширүүн урсгалтай хэсгийн хайрга чулуу, элсэрхэг хурдсанд усны температур 20 хэмээс дээш болоход түрсээ шахна. Үржил 4-р сарын сүүлчээс 6-р сард хүртэл үргэлжилнэ. Атуу 490-540 мянган ширхэг түрс гаргана. Жараахай нь жижиг хавч хэлбэртэн, хөвөгч амьтдаар хооллож байгаад дараа нь хөвөгч замгаар хооллоно. Бие гүйцсэн давх хавартаа детрит буюу органик ялзмагаар, зундаа замгаар хооллоно. Далай нуурын давх үржлийн нүүдэл хийж өгссөөр Оршуун гол, Буйр нуурт үзэгдэх болсон нь манай орны агнуурын загасны зүйлийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлдэг.

Амьдрах орчин:

Үржлийнхээ үед голоо өгсөнө. Үржлийнхээ дараа нуурт сүрэглэн идээшилнэ. Намар орой цутгал голуудаа өгсөн тэндээ өвөлжинө.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт үнэлэх боломжгүй.

Тархац:

Номхон далайн ай савын Оршуун гол, Буйр нуурт тэмдэглэгдсэн төдий.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.