Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Бух сугас

Англи нэр: Ide

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Сугас

Ерөнхий шинж:

Биеийн галбир, зүс улаан нүдэнтэй төстэй боловч биеэр том, хайрс дунд зэрэг, нүдний солонгон бүрхүүл ногоовтор-шаргал. Бух сугасны дух түмбэгэр, бие өндөр, толгой харьцангуй жижгэвтэр. Нуруу ба биеийн хажуу бараан, хажуугийн доод хэсэг цайвар. Бүх сэлүүрүүд улаан ягаан. Ам тэгш. Нурууны сэлүүр тайрмал юм шиг, ялимгүй ухлаадастай. Нурууны сэлүүрт салаалаагүй III, салаалсан 8, сүвийн сэлүүрт салаалаагүй III, салаалсан 9-10 гуурстай. Залигуур араа хоёр эгнээ буюу 3.5-5.3 цилиндр хэлбэрийн шүдтэй бөгөөд шүдний орой үл мэдэгдэм матийж дэгүүрхүү болсон. Хажуугийн шугам 52-62 хайрстай. Заламгайн өргөс 10-14, богинохон.

Биологийн онцлог:

Агнуурын ач холбогдолтой. Биеийн урт 70 см, жин 6-8 кг хүрнэ. 4-6 насандаа биеийн урт 25 см хүрэхэд бэлгэ боловсорч үржилд орно. Үржил 4 сарын сүүлчээс эхэлж 5 сард усны температур 3-4 хэм болоход түрсээ ургамал, чулуун дээр шахна. Атуу 37.6-114.0 мянган ширхэг түрс гаргана. Бух сугас бие гүйцсэн усны ёроолын шавьж, тэдгээрийн авгалдай, зөөлөн биетэн, хорхой, замаг, усны дээд ургамлаар хооллоно. Бух сугас идэш тэжээлийн хувьд улаан нүдэнтэй өрсөлдөгч. Бух сугасны жараахай нь цурхай, алгана, цулбуурт загасны үндсэн тэжээл болдог. Өгий нуурын агнуурын загасны 1.7-19.2%-ийг эзэлж байсан.

Амьдрах орчин:

Нуурын ургамал бүхий хэсэгт тархан амьдрах зохилдлогтой. Голд урсгал тогтуун, нарны илчинд амархан халдаг булан тохойд бүгэж амьдарна.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт ховордож болзошгүй.

Тархац:

Хойд мөсөн далайн Сэлэнгэ мөрний савын голууд, Өгий нуурт тархана.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.