Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Амарын сугас

Англи нэр: Amur ide

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Сугас

Ерөнхий шинж:

Биеийн галбир, зүс улаан нүдэнтэй төстэй боловч хайрс нь жижиг, бие уртавтар. Нуруун тал бараавтар, биеийн хоёр хажуу мөнгөлөг цайвар, нурууны ба сүүлний сэлүүр бараан. Сүвийн, хэвлийн, цээжний сэлүүрүүд улбар шар өнгөтэй. Биеийн өндөр биеийн уртад 3.7-4 дахин багтана. Нурууны сэлүүрт салаалаагүй III, салаалсан 7(8), сүвийн сэлүүрт салаалаагүй III, салаалсан 9-11(12) гуурстай. Залигуур араа хоёр эгнээ буюу 3.5-5.3 цилиндр хэлбэрийн шүдтэй бөгөөд шүдний үзүүр гохтой. Хажуугийн шугам 47-56 хайрстай. Заламгайн өргөс 9-14.

Биологийн онцлог:

Агнуурын загас. Биеийн урт 30 см, жин 500 гр хүрнэ. 3-4 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. Үржил 5 сарын дундаас 7 сарын 10-д хүртэл үржинэ. Түрсээ ургамал, чулуун дээр шахна. Атуу 3.0-39.3 мянган ширхэг түрс гаргана. Амарын сугас усны ёроолын шавьж болох хоовгон, өдөрч шавьжийн авгалдай, утаслаг замаг, хуурай газрын шавьж, усны дээд ургамлаар хооллоно. Амарын сугас хөвөгч амьтад болон ургамал идэшт загастай идэш тэжээлийн өрсөлдөөнд орно. Буйр нуурын агнуурын загасны 3.0%-ийг эзэлдэг.

Амьдрах орчин:

Нуурын эрэг орчмын ургамал элбэгтэй хэсэг, голын намуун урсгалтай булан тохойд идээшилдэг. Хавар эрт усны гүнээс голын адаг болон ургамлын үлдэгдэл ихтэй нуурын эргийн гүехэн хэсэгт нүүдэллэн ирж үржинэ. Намар орой 10 сарын дундуур нуурын гүн рүү нүүдэллэдэг.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт мэдээлэл дутмаг

Тархац:

Номхон далайн ай савын Хэрлэн, Онон, Балж, Адарга, Халх, Оршуун, Нөмрөг гол, Буйр нуурт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.