Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Хадаасан гүрц ба Монхор гүрц

Англи нэр: Lizard gudgeon

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Хадаасан гүрцийн төрөл

Ерөнхий шинж:

Нуруу шаравтар хүрэн, хайрсны захаар бараан эмжээртэй. Нурууны сэлүүр дээр заримдаа бараан толботой, бусад сэлүүр толбогүй. Биеийн хажуугаар 5-6 уртавтар бараан толботой. Сахалны урт нүдний голчтой тэнцүү ба нүдний өмнөх зах хүрнэ. Мохоо хошуутай. Дээд эрүү, доод эрүүг давсан. Дээд уруул махлаг пэмбэгэр. Дух ялимгүй хүнхэр. Духны араас эхлээд нуруу төвийж дээшилсэн. Нурууны сэлүүрт салаалаагүй III, салаалсан 8, сүвийн сэлүүрт салаалаагүй III, салаалсан 6 гуурстай. Хажуугийн шугам 47-52 хайрстай. Залгиур араа нэг эгнээ 5.5 шүдтэй.

Биологийн онцлог:

Агнуурын бус загас. Биеийн урт 25 см хүрнэ. 2 насандаа биеийн урт 11.5-12.5 см болоход бэлгэ боловсорч үржилд орно. 5-р сарын сүүлчээс 7-р сарын эхэн хүртэл усны температур 12.0-22.5 хэм байхад үржинэ. Түрсээ хэсэгчилэн усны гүнд шахах ба түрс чөлөөтэй хөвж явдаг. Түрсний голч бүрхүүлтэйгээ 2.3-2.95 мм, шар уургийн голч 0.9-1.0 мм. Атуу 15.1-31.2 мянган ширхэг түрс гаргана. Бие гүйцээгүй хадаасан гүрц жижиг хавч хэлбэртэнээр хооллох ба бие гүйцсэн үедээ жингэнүүр ялааны авгалдай, сээрнуруугүйтэн амьтдаар хооллодог.

Амьдрах орчин:

Голын үндсэн гулдрилд тархан амьдарна. Нуурт ховор тохиолддог. Гэвч зуны цагт томоохон нуур, түүний хоолойн хэсгээр идээшилдэг.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт үнэлэх боломжгүй

Тархац:

Номхон далайн ай савын Буйр нуурт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.