Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Ханхын гүрц

Англи нэр: Khanka gudgeon

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Ханхын гүрцийн төрөл

Ерөнхий шинж:

Нуруу цайвар шаргал, нуруун дээрх хайрсны захаар бор бүслүүртэй. Биеийн хажуу ба хэвэл цайвар, хажуугаар мөнгөлөг тууш бүслүүр үргэлжилнэ. Заримдаа мөнгөлөг бүслүүрийн дээгүүр бараан тууш бүслүүр үргэлжилсэн байдаг. Сэлүүрүүд цайвар, толбогүй. Ам хагас доод боловч бараг тэгш. Сахал богино. Биеийн өндөр биеийн уртын 15.6-26.6%-ийг эзлэнэ. Нурууны сэлүүрт салаалаагүй III, салаалсан 7, сүвийн сэлүүрт салаалаагүй II, салаалсан 6 гуурстай. Хажуугийн шугам 36-41 хайрстай. Залгиур араа хоёр эгнээ 2.5-5.3 шүдтэй.

Биологийн онцлог:

Агнуурын бус жижиг загас. Биеийн урт 10 см хүрнэ. 2 насандаа биеийн урт 4-5 см болоход бэлгэ боловсорч үржилд орно. 6-р сараас 7-р сарын дунд үе хүртлэх хугацаанд усны температур 18оС-аас доошгүй байхад үрждэг. Түрсээ усны ёроолын ургамлын үлдэгдэл, бусад юмс дээр хэсэгчилэн шахна. Атуу 2.3-4.4 мянган ширхэг түрс гаргана. Жингэнүүр ялааны авгалдай, сээрнуруугүйтэн амьтдаар хооллодог. Бусад ёроолын идэшт агнуурын ач холбогдолтой булуу цагаан загастай идэш тэжээлийн өрсөлдөөнд ордог. Монголын улаан далбаат, цулбуурт, улаанживэртийн үндсэн хоол тэжээл болдог.

Амьдрах орчин:

Голын тогтуун хэсэг, нуурт амьдардаг, усны ёроолын загас юм.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт үнэлэх боломжгүй.

Тархац:

Номхон далайн ай савын Буйр нуурт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.