Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Шивэр чимхүүр загас

Англи нэр: Spiny loach

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Эрээлжийнхэн

Төрөл: Яралжийн төрөл

Ерөнхий шинж:

Нурууны сэлүүрт салаалаагүй II, салаалсан 7, сүвийн сэлүүрт салаалаагүй II-III, салаалсан 5-6, цээжний сэлүүрт салаалаагүй I, салаалсан 13-15, хэвлийн сэлүүрт салаалаагүй II, салаалсан 7-8 гуурстай.

Биологийн онцлог:

Агнуурын бус загас. Биеийн урт 18 см хүрнэ. 2 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. 5 сард үржилд орж түрсээ элсэнд шахна. Түрсээ бүлээвтэр, ихэнхидээ 18 хэмээс дээш температуртай усанд хэсэгчилэн шахдаг. Түрс нь харьцангуй том, түрсний голч 1.9-3.0 мм, шаравтар ногоон өнгөтэй. Түрс утаслаг ногоон замгийн дунд дүүжлэгдсэн маягтай хөгждөг ба ихэнхидээ 6-р сарын сүүлчээс 7-р сарын эхээр усны температур нэмэгдэх үед усанд ууссан хүчилтөрөгч багасаж, фотосинтезийн эрчимтэй үйл ажиллагааны үр дүнд үүссэн агаарын хийнүүдийн дэмжлэгээр усны гадаргууд хөвж эхлэнэ. Уснаас бөөгнөрсөн утсан замгийг татаж үзэхэд түүний дунд том тунгалаг сувас санагдуулам түрснүүдийг үзэж болно. Түрснээс гарсан авгалдай заламгайн гадаад хөгжилтэй байдаг. Усны ёроолын шавьж, хөвөгч амьтдаар хооллоно. Бусад махчин загасны хоол тэжээл болно.

Амьдрах орчин:

Гол мөрөн, горхи, нуурын гүехэн устай булан тохой, дөлгөөн урсгалт хэсгийн элс хайрган хурдсанд шургаж амьдрах ба түүнийг заламгайн хавтасных нь хөдөлгөөнөөр уснаас олж болдог. Заримдаа утаслаг ногоон замгийн дунд өвөрмөц хэлбэрээр матийж зүүгдсэн байдаг.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт анхааралд өртөхөөргүй.

Тархац:

Хойд мөсөн далайн ай савын Сэлэнгэ мөрний сав, Орхон, Туул гол, Хөвсгөл нуур, Өгий нуурт, Номхон далайн ай савын Онон, Хэрлэн голын сав газар, Булган голд тархана.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.