Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Шаргал үхэрдэй

Англи нэр: Tench

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Үхэрдэй

Ерөнхий шинж:

Бие бүдүүн бахим, өндөр. Арьс зузаан, маш их салст ялгаруулна. Нуруу боровтор-ногоон, хажуу тал алтлаг туяатай ногоовтор бор. Бүх сэлүүрүүд боровтор бараан. Нурууны сэлүүр цээжний сэлүүрийн суурийн хойт захын дээрээс, сүвийн сэлүүр нь нурууны сэлүүрийн хойт захаас эхлэнэ. Ам тэгш, бага зэрэг дээш эргэсэн, хоёр завжиндаа богино хос сахалтай. Сэлүүрүүдийн үзүүр дугуйвтар мохоо. Сүүлний бариул богино өндөр. Нүд жижигхэн, улаавтар өнгөтэй. Атуух хажуугийн шугамандаа 87-110, атуу 87-115 жижиг хайрстай. Нурууны сэлүүрт салаалаагүй III-IV, салаалсан 8, сүвийн сэлүүрт салаалаагүй III, салаалсан 6-8 гуурстай. Заламгайн өргөс 12-13.

Биологийн онцлог:

Биеийн урт 60 см, жин 7.2 кг хүрнэ. Сүрэглэдэггүй, ганц нэгээрээ амьдарна. 3-4 насандаа биеийн урт 20 см хүрэхэд бэлгэ боловсорч үржилд орно. 6 сараас 7 сард усны температур 19-20 хэм болоход түрсээ ургамалд хэсэгчилэн шахна. Түрс жижигхэн. Атуу 300-400 мянган ширхэг түрс гаргана. Гол төлөв ёроолын шавьжийн авгалдай, зөөлөн биетэнээр хооллох ба зарим тохиолдолд ургамлаар хооллосон байдаг.

Амьдрах орчин:

Эх голтойгоо холбоо бүхий ургамлаар баялаг голын булан тохойд идээшилнэ. Голын гүнзгий хэсгийн ёроолын шаварлаг хурдсанд шигдэн өвөлждөг. Хурц гэрлээс дайжин усны ёроол, ургамал дунд бэлчээрлэнэ.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт үнэлэх боломжгүй

Тархац:

Булган голд ховор тохиолдоно.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.