Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Амар мөрний хилэм

Англи нэр: Amur sturgeon

Хүрээ: Хөвчтөн

Анги: Яст загас

Баг: Хилэмтэн

Овог: Хилэмийнхэн

Төрөл: Хилэм

Ерөнхий шинж:

Биеийн гадаад төрхөөрөө шивэр хилэмтэй төстэй. Хошуу уртавтар шөвгөр. Нуруу боровтор буюу бараг хар, хажуугийн товхоос доош хэсэг цайвар, нуурууны сэлүүр болон сүүлний сэлүүр нуруу шигээ өнгөтэй, бусад сэлүүрүүд цайвар. Хөндлөн дугуйран зүсэгдсэн амтай. Сүүлний сэлүүр нь Гетероцеркаль хэлбэртэй. Өөрөөр хэлбэл тэгш хэмт бус дээд далбан нь илүү ургасан байх бөгөөд нурууны төгсгөл хэсэг нь тахийн түүн рүү орсон байдаг. Нуруу, биеийн хажуугийн товх хооронд жижиг ялтастай. Нуруунд 11-17, биеийн хажуугаар 32-47, хэвлийд 6-12 товхтой. Хоёр хажуугийн товхоос дээших биеийн хэсгийг жижигхэн будаалгууд бүрхээгүй, байвал маш жижигхэн. Нурууны сэлүүр (D) салаалаагүй 35-53, сүвийн сэлүүр (A) салаалаагүй 20-32 гуурстай. Цээжний сэлүүрийн (P) эхний гуурс маш сайн хөгжсөн. Заламгайн эхний нуманд 36-45 өргөстэй. Заламгайн өргөс дэвүүр хэлбэргүй.

Биологийн онцлог:

Амарын хилэм нь 290 см, жин 200 кг хүрнэ. Харамсалтай нь манай орны Амарын хилэм загасны биеийн урт, жингийн талаар мэдээлэл байхгүй. Ёроолын амьдралын хэвшилтэй. Атуух (эр загас) 8-10 насандаа, атуу (эм загас) 11-14 насандаа биеийн урт 108-120 см, 6-8 кг хүрэхэд бэлгэ боловсорч үржилд орно. 4 сарын сүүлчээр усны температур 6-70С болоход, гол төлөв 5 сарын сүүлчээс 7 сарын дунд хүртэл голын ширүүн урсгалтай 2-3 м гүнтэй хэсгийн хайрга чулуунд түрсээ шахна. Атуу дунджаар 27.6-434 мянган түрс гаргана. Түрсний голч 2.5-3.0 мм. Жараахайн шар уураг бүрэн шимэгдэж дуусахад ёроолын амьдралын хэвшилд шилжинэ. Жараахай 2 см хүрэхэд ёроолын сээрнуруугүйтэн жижиг амьтдаар, гол төлөв жингэнүүр ялааны (хирономид) авгалдайгаар хооллоно. Бие гүйцсэн Амарын хилэм усны ёроолын шавьжийн авгалдай, агнуурын бус загас болох гүрц, морин загасны жараахай болон зөөлөн биетэнээр хооллоно.

Амьдрах орчин:

Амьдралын бүх үе нь цэнгэг устай холбоотой. Голын элс, хайрган ёроол бүхий дөлгөөн урсгалт хэсгээр тархан амьдарна. Жилийн турш идэвхитэй хөдөлгөөнтэй. Жараахай болон өсвөр насны загас өвөл усны гүнд өвөлжөөд мөс хайлсаны дараа нуур, түүний цутгал орчмоор өгсөж нүүдэллэдэг. Бие гүйцсэн хилэм алс хол нүүдэллэдэггүй.

Хамгаалалтын статус:

Дэлхийн хэмжээнд: (Устаж болзошгүй, A1acd & A2d), Бүс Нутагт: (Мэдээлэл дутмаг)

Тархац:

Онон голд байх магадлалтай хэмээн тэмдэглэгдсэн.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.