Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Амарын хөөлөнхэй

Англи нэр: Pseudorasbora

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Хөөлөнхэй

Ерөнхий шинж:

Нуруу шаравтар-бор, хажуу цайвар. Биеийн өндөр толгойн уртаас бага зэрэг их. Биеийн их өндөр загасны насаар ихсэж, зүс нь хувиран өөрчлөгдөнө. Өсвөр насны загас нь биеийнхээ хажуугаар нарийн бараан судалтай байх ба томрох тусам нь бараан судал нь алга болдог. Бие гүйцсэн Амарын хөөлөнхэйн хайрс захаараа бараан ирмэгтэй. Толгойн урт биеийн уртын 20-28%-ийг эзэлнэ. Нурууны сэлүүрт салаалаагүй III, салаалсан 7, сүвийн сэлүүрт салаалаагүй III, салаалсан 6 гуурстай. Хажуугийн шугаманд 35-38 хайрстай.

Биологийн онцлог:

Амарын хөөлөнхэй нь биеэр жижиг, сүрэглэн амьдардаг агнуурын бус загас юм. Биеийн урт 8 см хүрнэ. 1-2 насандаа бие гүйцэж үржилд орно. 6 сарын сүүлч 7 сарын эхээр үржилд орно. Атуух нь атуугаасаа биеийн хэмжээгээр том, хос ба хос бус сэлүүрүүд харьцангуй урт, биеийн их өндрөөр арай нам, хажуугийн шугамын хайрс олон байдгаараа ялгаатай. Үржлийн үед атуухын зүс илүү бараантаж, бараг хар болдог. Атуу 0.3-3.0 мянган ширхэг түрс гаргана. Түрс нь уртассан хэлбэртэй, түүний урт ойролцоогоор 1.7-2.0 мм. Түрсний тоо бусад загасны адил бие томрох тусам ихсэж байдаг. Амарын хөөлөнхэйн атуух нь түрсээ идэвхитэй хамгаалдаг. Гол төлөв ёроолын шавьжийн авгалдай, хөвөгч амьтдаар хооллох ба агнуурын загасны түрсийг идэж сүйтгэнэ. Өөрөө цурхай, улаан живэрт, цулбуурт загасны үндсэн тэжээл болдог.

Амьдрах орчин:

Амарын хөөлөнхэй намуун дөлгөөн усны амьдралтай, өвлийн цагт хөдөлгөөний идэвхигүй. Голын тогтуун урсгалтай, элс-шаварлаг ёроолтой, ургамал бүхий хэсгээр зонхилон амьдарна. Жилийн дөрвөн улиралд нуурын зах, голын гүехэн хэсгээр голчлон идээшилнэ. Заримдаа нуурын гүн, голын цутгал хэсэгт тохиолдоно. Хавартаа нуурын захаар ихээр сүрэглэн тэнд хооллож, үржиж, зуны туршид үржил, идээшлэлтийн хөдөлгөөнд орно. Өсвөр насны загас бие гүйцсэн загастайгаа хамт идээшилнэ.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт мэдээлэл дутмаг

Тархац:

Номхон далайн ай савын, Хэрлэн, Онон, Улз, Оршуун, Халх гол, Буйр нуурт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.