Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Монхор хоншоорт зэвэг

Англи нэр: Blunt-snouted lenoк

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Яргайтан

Овог: Хулдынхан

Төрөл: Зэвэг

Ерөнхий шинж:

Бие алтлаг бор шаргал, том том толботой. Ам жижиг, тэгш. Дээд, доод эрүү бараг тэнцүү эсвэл доод эрүү дээд эрүүнээс үл ялиг бага. Дээд эрүүний урт дунджаар 34.73 мм, доод эрүүний урт 22.37 мм. Нүдний голч дунджаар 27.4 мм. Нурууны сэлүүрийн ард өөхөн сэлүүртэй. Хайрс жижиг. Заламгайн хавхлаг, биеийн хажуу, өөхөн сэлүүр болон нурууны сэлүүр дээр том том хар толботой. Нурууны сэлүүр (D) салаалаагүй III, салаалсан 9-10, сүвийн сэлүүр (A) салаалаагүй III, салаалсан 8-10, цээжний сэлүүр (P) салаалаагүй I, салаалсан 15-16, хэвлийн сэлүүр (V) салаалаагүй I, салаалсан 9 гуурстай. Дээд, доод эрүү, тагнайд тах хэлбэртэйгээр шүд байршсан. Заламгайн өргөс 23-25. Хажуугийн шугаманд 111-124 хайрстай.

Биологийн онцлог:

Монхор хоншоорт зэвгэ загас нь 55 см хүрнэ. 5 сарын дундуур голоо өгсөн хайрга чулуун ёроол бүхий хэсэгт сүрэглэн түрсээ шахна. Төлжилт 1.3 мянган ширхэг. Үржлийнх нь үед заримдаа биеийн хажуугаар хэлбэр дүрсгүй улаан толбо үүснэ. Монхор хоншоорт зэвэг нь усны ёроолын шавьж, түүний авгалдай, хүүхэлдэй, хуурай газрын шавьж, бие гүйцсэн зэвэг нь жижиг загасаар хооллосон байдаг.

Амьдрах орчин:

Хүчилтөрөгчөөр баялаг, тунгалаг, жихүүн устай голуудын хайрга чулуун ёроолтой хэсгээр тархан амьдарна.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт үнэлэх боломжгүй.

Тархац:

Номхон далайн ай савын Онон гол, түүний цутгал Балж, Агацын голд тархана.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.