Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Говийн эрээлж

Англи нэр: Gobi loach

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Яргайтан

Овог: Эрээлжийнхэн

Төрөл: Эрээлж

Ерөнхий шинж:

Бие махлаг, толгойн ар хэсэг бага зэрэг бөгтөр, сүүлний сэлүүр богино, хоёр хажуугаасаа хавчгар. Шаргал-саарал, шаргал-бор өнгийн дэвсгэр дээр хажуугаараа бие биентэйгээ нийлсэн хөндлөн хар толбууд нь зурвас мэт харагддаг. Хэвлий болон толгойн доод хэсэг цайвардуу өнгөтэй. Толгойн дээд болон хажуу хэсгийн хар пигмент тор хэлбэрийн дүрс үүсгэсэн. Хошуу монхор, толгой өргөн, хажуугаасаа хавчгар биш, бөөрөнхийдүү. Нүд жижиг. Доод амтай. Уруул бага зэрэг хуниастай мэт, доод уруул тасархай. Ам 3 хос сахлаар хүрээлэгдсэн. Бие нүцгэн, сүүлний сэлүүр орчмын арьсанд цөөн хэдэн хайрстай. Хайрс нь бөөрөнхий, төвдөө том нүхтэй. Нуруу, сүүл, цээжний сэлүүрүүд тод толботой, сүвийн болон хэвлийн сэлүүр бараг толбогүй. Хажуугийн шугам бүтэн. Сүүлний сэлүүр маш бага ухлаастай, толгойн уртаас бага. Нурууны сэлүүр (D) салаалаагүй III-IV, салаалсан 7, сүвийн сэлүүр (A) салаалаагүй II-III, салаалсан 5-6, цээжний сэлүүр (P) салаалаагүй I, салаалсан 10-13, хэвлийн сэлүүр (V) салаалаагүй I, салаалсан 6-8 гуурстай.

Биологийн онцлог:

Монгол оронд тархан амьдрах Говийн эрээлжийн биеийн урт 14 см хүрнэ. Биологийн судалгааны материал байхгүй.

Амьдрах орчин:

Хүчилтөрөгчөөр баялаг голын хайрга, чулуун ёроолтой урсгал бүхий хэсэгт тархан амьдарна.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт устаж болзошгүй, B2ab(iii).

Тархац:

Төв Азийн гадагш урсгалгүй ай савын Говийн хөндийн нууруудын Байдраг голын сав газрын Загийн голд тархана.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.