Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Наймас эрээлж

Англи нэр: Lefua

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Эрээлжийнхэн

Төрөл: Найман сахалт эрээлж

Ерөнхий шинж:

Нуруу бор саарал, биеийн хажуу, хэвлий шаргал. Биеийн хажуугаар сүүлний сэлүүр хүртэл үргэлжилсэн тод хар зурвастай. Бие хайрсаар хучигдсан, хажуугийн шугам маш сул. Бусад эрээлжээс ялгагдах нь 8 сахалтай. Үүний 2 нь эхний хамрын нүхэнд, 4 нь хоншоорын урд, 2 нь амны төгсгөлд. Хамрын нүхний өмнө талд хойноосоо гүдийж ирсэн хэсэг дээр сахал нь байрлана. Толгой хавтгай. Ам доод. Нүдний доод хэсэгт хатгуур байхгүй. Нурууны сэлүүр хэвлийн сэлүүрийн харалдаа. Нурууны болон сүвийн сэлүүрийн төгсгөл бөөрөнхий, жижиг жижиг толбуудтай. Сүүлний сэлүүрийн далбангийн дээд, доод хэсэгт арьсан хуниастай. Нурууны сэлүүр (D) салаалаагүй II, салаалсан 6-7, сүвийн сэлүүр (A) салаалаагүй II, салаалсан 5, цээжний сэлүүр (P) салаалаагүй I, салаалсан 10-12, хэвлийн сэлүүр (V) салаалаагүй I, салаалсан 5-6 гуурстай.

Биологийн онцлог:

Цэнгэг усны агнуурын бус загас. Биеийн урт 4-7 см, маш ховор 10 см хүрнэ. Голын элсэрхэг ёроолд түрсээ шахна. Түрсний голч 1 мм. Наймас эрээлж нь шавар, ялзмаг, детритээр хооллодог.

Амьдрах орчин:

Наймас эрээлж нь тогтмол ус, голын тогтуун урсгалтай хэсэг, булан тохойн ургамал ихтэй хэсгээр амьдарна.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт үнэлэх боломжгүй.

Тархац:

Номхон далайн ай савын Азаргын гол, Тамсагийн булаг болон Буйр нуурын савд багтах бусад голуудад тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.