Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Өлгөр цагаан

Англи нэр: White culter

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Өлгөр

Ерөнхий шинж:

Бие урт, хажуугаасаа хавчигардуу. Нуруу ногоовтор-саарал, биеийн хажуу ба хэвлий мөнгөлөг цагаан, хайрсны захаар бараан эмжээртэй. Ам бараг хөндлөн, доод эрүү дээд эрүүгээ давсан дээд амтай, сахалгүй. Сүвийн сэлүүр урт, эхний 10 орчим цацраг тод улаан ягаан өнгөтэй. Хэвлий, сүүлний сэлүүрийн доод далбан улбар өнгөтэй. Нурууны сэлүүрт маш хатуу гуурстай. Хэвлий болон сүвийн сэлүүр хүртэл үргэлжилсэн хянгатай. Хянган хэсэг хайрсгүй нүцгэн. Үүгээрээ цагаан догтороос ялгагдана. Нурууны сэлүүр (D) салаалаагүй III, салаалсан 7, сүвийн сэлүүр (A) салаалаагүй III, салаалсан 23-29 гуурстай. Хажуугийн шугам 66-73 хайрстай. Заламгайн өргөс 23-30. Залигуур араа 3 эгнээ шүдтэй: 2.4.4-5.4.2 эсвэл 2.4.5-4.4.2 үзүүртээ гохтой шүдтэй.

Биологийн онцлог:

Биеийн урт 35 см хүрнэ. 4 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. 6 сарын эхээс голын эхэн болон адаг хавиар цугларч түрсээ шахна. Бэлгийн булчирхай дотор эрхтэний хоёр талаар биш, хэвлийн хөндийн дунд нэг уутанд боловсордог. Атуу 18.6-89.4 мянган ширхэг түрсийг нуурын эргийн зэгс, ургамалд шахна. Түрсний голч 1.5 мм, цэнхэр ногоон өнгөтэй. Жижиг махчин загас, түүний идэш тэжээлд хэлтэг, амарын сугас зонхилно. Өсвөр насны өлгөр цагаан нь хөвөгч амьтдаар хооллодог.

Амьдрах орчин:

Өлгөр цагаан нь гол төлөв нуурт тархан амьдрах бөгөөд дулааны улиралд нуурын эргийн зэгс, ургамалтай хэсгийг бараадан идээшилж, намар нуурын гүн тийш орох боловч Халх голын адаг орчим зонхилон өвөлжинө. Хамгааллын статус: Бүс нутагт үнэлэх боломжгүй.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт үнэлэх боломжгүй.

Тархац:

Номхон далайн ай савын Буйр нуур, түүний холбоо Баян нуур, Халх голын адагт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.