Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Цагаан амар

Англи нэр: Grass carp

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Цагаан амар

Ерөнхий шинж:

Бие уртавтар, хажуугаасаа хавчиг бус махлаг. Нуруу ногоовтор буюу шаравтар саарал, хажуу алтлаг бараан, хэвлий цайвар, хэвлийгээс бусад хэсгийн хайрс захаараа бараан эмжээртэй. Хэвлий цайвар алтлаг. Дух маш өргөн. Ам хагас, доод. Нүдний солонгон бүрхэвч алтлаг шар. Нуруу болон сүүлний сэлүүрүүд бараан. Нурууны сэлүүр (D) салаалаагүй III, салаалсан 7, сүвийн сэлүүр (A) салаалаагүй III, салаалсан 8 гуурстай. Хажуугийн шугам (37) 39-47 хайрстай. Заламгайн хавхаг цацарсан бүслүүртэй. Заламгайн өргөс богино, цөөн 12-18. Залигуур араа 2 эгнээ 2.5-5.2 хөрөө шиг хүчирхэг шүдтэй. Зажлах гадаргуу хөндлөн төвгөртэй.

Биологийн онцлог:

Биеийн урт 120 см, жин 30 кг хүрнэ. 7-8 насандаа биеийн урт 65-70 см хүрэхэд бэлгэ боловсорч үржилд орно. Зун 6 сараас 7 сар дуустал усны дулаан 26-30 хэм болоход түрсээ хэсэгчилэн шахаж үржинэ. Атуу биеийн хэмжээнээс хамааран 237-1686 мянга, дунджаар 800 мянган түрсийг ус үерлэн усны түвшин ихсэхэд усны гадаргууд хэсэгчилэн шахна. Түрсний голч 1.0-1.3 мм. Жарамгай нь урсгалаар эргийн бүсэд зөөвөрлөгдөх ба тэндээ хөвөгч амьтад, жингэнүүр ялаа, шумуулын авгалдай, замгаар хооллоно. Жараахайн биеийн урт 2.5-3.0 см хүрэхэд ургамлаар хооллож эхэлнэ. Бие гүйцсэн загас нь дээд ургамлаар хооллож нуурын усыг ургамалжин замагжиж, намагшихаас сэргийлж биологийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. ОХУ болон Европын орнуудад цөөрмийн загасны аж ахуйн чиглэлээр амжилттай нутагшуулан үржүүлж байна.

Амьдрах орчин:

Цагаан амар нь нуур, түүний цутгал голуудаар тархан амьдрах бөгөөд өдөр усны гүний ёроол хавиар идээшилж байгаад шөнө нь булан тохой, халиа хэсгээр идээшилдэг. Өвөл нуурын гүнээр өвөлжинө.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт үнэлэх боломжгүй.

Тархац:

Номхон далайн ай савын Буйр нуурт тэмдэглэгдсэн төдий.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.