Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Солдатовын гүрц

Англи нэр: Amur marble gudgeon

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Хар гүрц

Ерөнхий шинж:

Бие зуувандуу, нуруу боровтор, хоёр хажуу алтлаг туяатай. Ам жижиг, дээд эрүү доод эрүүгээ бага зэрэг давсан. Уруул зузаан, сахалгүй. Нүдний диаметр хошууны урттай тэнцүү. Хоолой, заламгай хоорондын завсар хүртэл хайрсаар бүрхэгдсэн. Нуруу, сүүлний сэлүүр хар толботой. Биеийн хажуугаар энд тэнд бараан толботой. Хайрсны ирмэг нарийхан хар ирмэгтэй. Нурууны сэлүүр (D) салаалаагүй III, салаалсан 7, сүвийн сэлүүр (A) салаалаагүй II, салаалсан 6 гуурстай. Хажуугийн шугам 38-43 хайрстай. Залигуур араа нэг эгнээ 5-5 эсвэл хоёр эгнээ 1.5-5.1 шүдтэй.

Биологийн онцлог:

Агнуурын бус загас. Биеийн урт 12 см хүрнэ. 6 сараас 7 сарын хооронд үржинэ. Үржлийнхээ үед атуухын толгойн доод хэсэг, заламгайн хавхагны хойд хэсэг, цээжний сэлүүрийн уг, хэвлийн болон сүвийн сэлүүр улбар, хэвлий мөнгөлөг өнгөтэй болох ба нүдний доод хэсэг, заламгайн хэсэгт товруу үүснэ. Түрсээ усны гадарга дээр хэсэгчилэн шахна. Түрсний голч 2.0 мм. Дөнгөж гарсан авгалдайн урт 7.9 мм.

Амьдрах орчин:

Авгалдай нь сүрэглэдэггүй нэг нэгээрээ усны гадаргууд тархаж байгаад усны ёроол руу нүүдэллэн дараа нь эргийн бүсэд идэш тэжээлээ хайхаар шилжилт хийнэ.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт үнэлэх боломжгүй.

Тархац:

Буйр нуурт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.