
Зүйлийн нэр: Элсний эрээн живэрт
Англи нэр: Kessler’s sculpin
Хүрээ: Хөвчтөн
Анги: Дэвүүр сэлүүрт загас
Баг: Живэрт
Овог: Живэртийнхэн
Төрөл: Элсний эрээн живэрт
Ерөнхий шинж:
Бие бор саарал өнгөтэй. Биеийн хажуугаар бараан толботой. Заримдаа толбоны бөөгнөрөл нь 5-6 хөндлөн бүслүүрийг үүсгэдэг. Дээд эрүү бага зэрэг илүү гарсан. Толгойн урт түүний өргөнтэй бараг тэнцүү. Нурууны сэлүүр хоёр. Нурууны эхний сэлүүр захаараа өнгөлөг хүрээ бүхий бор-бараан, бусад сэлүүрүүд толботой. Бусад эрээнживэртүүдээс сүвийн сэлүүр нь урт байдгаараа ялгагдана. Нурууны эхний сэлүүрт (D) салаалаагүй VII-IX, хоёр дахь сэлүүрт (D) салаалсан 18-20 (21), сүвийн сэлүүрт (A) салаалаагүй 20-22 гуурс бий. Цээжний сэлүүр (P) урт, ялгаруулах сүв хүрнэ. Их биеийн ясан өргөсөөр бүрхэгдээгүй хэсгийн арьс нүцгэн. Заламгайн урд хавхагны ясан дээр нилээд хурц 3 өргөсөн сэртэнтэй. Заламгайн өргөс 4-6. Хажуугийн шугам бүтэн, 34-40 хайрстай.
Биологийн онцлог:
Агнуурын бус загас. Биеийн урт 14 см-ээс хэтрэхгүй, 7 нас хүрнэ. 2 насандаа биеийн урт 5.4 см болоход бэлгэ боловсорч үржилд орно. Атуух нь атуугаасаа биеэр том. Зун 5 сарын дунд үеэс 6 сард 3-5 м гүнтэй хэсгийн хайрга, чулуунд үүр засан түрсээ шахна. Атуу 2.0-10.0 мянган ширхэг түрс шахна. Түрсний голч 0.8-1.0 мм. Усны ёроолын шавьжийн авгалдай, шаамий хавч, жингэнүүр ялаа, хоовгоны авгалдайгаар зонхилон хооллох ба хөвөгч амьтад, загасны түрс, жараахайгаар хооллоно.
Амьдрах орчин:
Ёроолын амьдралын хэвшилтэй загас. Нуур, голын элсэрхэг ёроолтой хэсгийн элсэнд шурган амьдарна.