Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Потанины Алтайн сугасны махан идэшт нохой сугас

Англи нэр: Potanin’s Osman “Piscivorous” form

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Алтайн сугасны

Ерөнхий шинж:

Нуруу хавиараа хар ногоон өнгөтэй, толгой, нуруу орчим хар нөсөөжилттэй, хэвлий мөнгөлөг ихэнхдээ шар ногоон туяатай. Хайрс жижигхэн, хэвлийн хэсэг хайрсгүй. Өөхөн сэлүүргүй. Толгой урт биеийн уртын 28.5-33.5%, хошууны урт биеийн уртын 6.6-8.6%, доод эрүүний урт биеийн уртын 9.0-16.0%-ийг эзэлнэ. Заламгайн хавхлаг уртавтар гурвалжин хэлбэртэй. Доод эрүү, дээд эрүүнээс давж гарсан. Залигуур араа нэг эгнээ, гол төлөв 6-5, ховор 5-5 (5-6 маш ховор) шүдтэй. Нурууны сэлүүр (D) салаалаагүй III, салаалсан 8(7), сүвийн сэлүүр (A) салаалаагүй III, салаалсан 8, цээжний сэлүүр (P) салаалаагүй II, салаалсан 14-18, хэвлийн сэлүүр (V) салаалаагүй II, салаалсан 8 гуурстай. Заламгайн өргөс 18-20, дунджаар 19.5. Хажуугийн шугаманд 100-106 хайрстай.

Биологийн онцлог:

Цэнгэг, давстай нууруудын алинд ч амьдрах чадвартай. Амьдрах орчин, идэш тэжээлийн онцлогоос шалтгаалан 3 хэлбэр үүсгэнэ. Потанины Алтайн сугасны махан идэшт загасыг нохой сугас гэнэ. Нохой сугасны биеийн урт 100 см хүрнэ. Нохой сугас биеийн урт 20-24 см хүрэхэд 8-9 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. 5 сарын эхээр нуурын мөс хайлахад үржиж эхлэх бөгөөд үржлийн хугацаа урт 8 сар хүртэл түрсээ хэсэг хэсгээр субстрат харгалзахгүй шахна. Үр тогтсон түрс усны ёроолын элс, хайрга чулуу, усны ургамалд наалдана. Түрс алтлаг өнгөтэй. Нохой сугасны атуу 27.2-100.0 мянган ширхэг түрс гаргана. Нохой сугас ойролцоогоор 39-44 наслана. Нохой сугасны жараахай хөвөгч амьтад, ургамлаар хооллож байгаад бие гүйцсэн үедээ усны замаг, дээд ургамал, загасаар хооллоно. Баруун Монголын нууруудаас баригдсан нохой сугасны идэш тэжээлийн бүрэлдэхүүнд 40-69%-ийг хара замаг, 25-30%-ийг загас, 6-8%-ийг дээд ургамал, үлдсэн хувийг усны ёроолын шавьж, түүний авгалдай, хөвөгч амьтад эзэлж байсан. Нохой сугас нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савын нуур, голын агнуурын үндсэн загас бөгөөд агнуурын загасны 40-80%-ийг нохой сугас эзэлдэг.

Амьдрах орчин:

Нохой сугасны жараахай нь эхний 2 жилдээ нуурын эргийн усны ургамал бүхий хэсэгт сүрэглэн идээшилнэ. Бие гүйцсэн нохой сугас нь эрэг орчмын ургамал бүхий хэсгээр ганц нэгээрээ идээшилж байгаад өвөлдөө нуурын гүн тийш шилжинэ. Хавартаа нуурын эрэг орчим, цутгал голуудад тархан идээшилнэ. Нохой сугас нь алс хол нүүдэл хийдэггүй. Хар, Дөргөн нуурын системд Потанины Алтайн сугас нь Хомын хоолойд үржинэ. Хавар 4-р сарын сүүлчээс Ховд, Завхан, Чонохарайх зэрэг голын цутгал хэсэг, Хом, Юм, Галын хоолой, Мэргэний хүзүүвч орчимд үржлийн сүрэг үүсгэж цуглаад үржсэний дараа идээшлэлт эрчимжиж Дөргөн нуурын сугас Хар нуурт, Тээлийн голын эхэн хэсгийнх Чонохарайх голын адагт, Хяргас нуурынх Айраг нуур-Галын хоолойн хэсгээр идээшилдэг. Үржлийн бус хугацаанд сүрэглэхгүй.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт анхааралд өртөхөөргүй.

Тархац:

Төв Азийн гадагш урсгалгүй ай савын Их нууруудын хотгорын Хар, Хар-Ус, Дөргөн нуур, Чоно харайхын гол, Тээлийн гол, Завхан гол, Айраг, Хяргас нуур, Алтайн өндөрлөгийн Хотон, Хоргон, Даян нуур, Үүрэг нуур түүний цутгал голууд, Ачит нуур түүний цутгал голууд, Толбо нуур, Ховд голд тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 6-р сарын 15 өдрөөс 8-р сарын 30 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.