Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Потанины Алтайн сугасны ургамал идэшт шар сугас

Англи нэр: Potanin’s Osman “Herbivorous” form

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Алтайн сугасны

Ерөнхий шинж:

Нуруу хавиараа бүдэг ногоон эсвэл хар саарал өнгөтэй, биеийн хажуу хэсэг мөнгөлөг саарал, шаравтар, хэвлий цав цагаанаас шаргал эсвэл шар өнгөтэй. Биен дээр нөсөөжилт бага. Хайрс жижигхэн, хэвлийн хэсэг хайрсгүй. Өөхөн сэлүүргүй. Толгой урт биеийн уртын 23.0-32.0%-ийг эзэлнэ. Заламгайн хавхлаг мохоо хэлбэртэй. Доод эрүү дээд эрүү бараг тэнцүү. Уруул махлаг. Залигуур араа нэг эгнээ, гол төлөв 6-5, ховор 5-5 (5-6 маш ховор) шүдтэй. Нурууны сэлүүр (D) салаалаагүй III, салаалсан 8(7 маш ховор), сүвийн сэлүүр (A) салаалаагүй III, салаалсан 8, цээжний сэлүүр (P) салаалаагүй II, салаалсан 14-18, хэвлийн сэлүүр (V) салаалаагүй II, салаалсан 8 гуурстай. Зүүн талын эхний нуманд заламгайн өргөс 16-32, дунджаар 21.1. Хажуугийн шугаманд 80-120 хайрстай.

Биологийн онцлог:

Цэнгэг, давстай нууруудын алинд ч амьдрах чадвартай. Амьдрах орчин, идэш тэжээлийн онцлогоос шалтгаалан ургамал идэшт Потанины Алтайн сугасыг шар сугас гэдэг. Шар сугасны биеийн урт 60 см хүрнэ. Шар сугас 17-19 см хүрэхэд 7-8 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. Үржлийн хугацаа нохой сугасныхтай давхцана. 5 сарын эхээр нуурын мөс хайлахад үржиж эхлэх бөгөөд үржлийн хугацаа урт 8 сар хүртэл түрсээ хэсэг хэсгээр субстрат харгалзахгүй шахна. Үр тогтсон түрс усны ёроолын элс, хайрга чулуу, усны ургамалд наалдана. Түрс алтлаг өнгөтэй. Шар сугасны атуу 5.2-52.6 мянган ширхэг түрс гаргана. Шар сугасны жараахай хөвөгч амьтад, ургамлаар хоолож байгаад бие гүйцсэн үедээ гол төлөв хара замаг, дээд ургамал, усны ёроолын шавьжийн авгалдайгаар хооллоно. Баруун Монголын нууруудаас баригдсан шар сугасны идэш тэжээлийн бүрэлдэхүүнд 55-80%-ийг хара замаг, 2-10%-ийг загас, 5-6%-ийг дээд ургамал, 6-15%-ийг шаамий хавч, үлдсэн хувийг усны ёроолын шавьж, түүний авгалдай, хөвөгч амьтад эзэлж байсан. Шар сугас нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савын нуур, голын агнуурын үндсэн загас бөгөөд агнуурын загасны 30-50%-ийг шар сугас эзэлдэг.

Амьдрах орчин:

Бие гүйцсэн шар сугас нь нуур түүнд цутгах голуудаар тархан идээшилнэ. Голын ширүүн урсгалтай хэсгээс дайжин булан тохой, намуун урсгалтай хэсгийн эрэг орчмын ургамал бүхий хэсгээр идээшилнэ. Өвөлдөө нуурын гүнд, хавар, зундаа нуурын эрэг орчим, цутгал голуудад тархан идээшилнэ. Шар сугас нь алс хол нүүдэл хийдэггүй, хамгийн холдоо 5-7 км шилжинэ. Жараахай болон өсвөр насны шар сугас нь зунын эхэн сард 50-200-гаараа сүрэг үүсгэн нуур, голын эрэг хавиар идээшилнэ. Хар, Дөргөн нуурын системд Потанины Алтайн сугас нь Хомын хоолойд үржинэ. Хавар 4-р сарын сүүлчээс Ховд, Завхан, Чонохарайх зэрэг голын цутгал хэсэг, Хом, Юм, Галын хоолой, Мэргэний хүзүүвч орчимд үржлийн сүрэг үүсгэж цуглаад үржсэний дараа идээшлэлт эрчимжиж Дөргөн нуурын сугас Хар нуурт, Тээлийн голын эхэн хэсгийнх Чонохарайх голын цутгалд, Хяргас нуурынх Айраг нуур-Галын хоолойн хэсгээр идээшилнэ.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт анхааралд өртөхөөргүй.

Тархац:

Төв Азийн гадагш урсгалгүй ай савын Их нууруудын хотгорын Хар, Хар-Ус, Дөргөн нуур, Чоно харайхын гол, Тээлийн гол, Завхан гол, Айраг, Хяргас нуур, Алтайн өндөрлөгийн Хотон, Хоргон, Даян нуур, Үүрэг нуур түүний цутгал голууд, Ачит нуур түүний цутгал голууд, Толбо нуур, Ховд голд тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 6-р сарын 15 өдрөөс 8-р сарын 30 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.