Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Алтайн давжаа сугасны нуурын хэлбэр

Англи нэр: Lake form

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Алтайн сугасны

Ерөнхий шинж:

Ерөнхий шинжээрээ голын давжаа сугастай адилхан. Хайрс жижигхэн, бие биеэндээ сууж ороогүй, бие хайрсаар бүрэн хучигдаагүй, ялангуяа хэвлийн хэсэг хайрсгүй. Нуруу мөнгөлөг саарал, хажуу, хэвэл мөнгөлөг цагаанаас шаравтар. Өөхөн сэлүүр байхгүй. Толгой урт биеийн уртын 24-28%-тай тэнцүү. Доод эрүү дээд эрүүг бага зэрэг давсан. Залигуур араа нэг эгнээ, баруун болон зүүн нуманд 5-5 маш ховор 6-5 шовгор, хажуу талаасаа бага зэрэг хавчгар, үзүүр нь бага зэрэг махийсан дэгээ мэт шүдтэй. Нурууны сэлүүр (D) салаалаагүй III, салаалсан 7-8, сүвийн сэлүүр (A) салаалаагүй (II ховор) III, салаалсан 7-8 гуурстай, цээжний сэлүүр (P) салаалаагүй I, салаалсан 14-17, хэвлийн сэлүүр (V) салаалаагүй II, салаалсан 7-8 гуурстай. Заламгайн өргөс богино, зүүн нумандаа 24-32 өргөстэй. Хажуугийн шугаманд 87-118 хайрстай.

Биологийн онцлог:

Говийн хөндийн нуурууд устай болоход бие томтой голын хэлбэр нь нуурт шилжин өөрийн үр төлийг (канниболизм) идэн хурдан өсөж нуурын хэлбэрийг үүсгэдэг. Нуурын хэлбэр нь 55 см хүрнэ. Түүний өсөлт амьдарч байгаа орчны усны температур, популяцийн тоо толгой, идэш тэжээлээс хамааран нуур тус бүрт харилцан адилгүй байдаг. 6 сараас 8 сар дуустал нуурын эргийн гүехэн хэсэг, голын булан тохой, цутгал голын адаг орчмоор хэдэн мянгаараа бөөгнөрөн хэсэг хэсгээр түрсээ шахаж үржинэ. Түрс алтлаг өнгөтэй, голч 1.2-1.3 мм. Түрс нь наалдамхай чанартай учир ургамал болон ёроолын хурдсанд бэхлэгдэнэ. Атууны биеийн хэмжээнээс хамааран түрсний тоо харилцан адилгүй байаг. Сангийн далай нуурт нуурын хэлбэр нь биеийн урт 25-30 см хүрэхэд 15-16 насандаа бэлгэ боловсордог бол Бөөн Цагаан нуурт 5-6 насандаа биеийн урт 20 см болоход үржинэ. Алтайн давжаа сугасны нуурын хэлбэр загас, хара замаг, усны дээд ургамлаар хооллоно. Нуурын бүтээмжээс хамааран идэш тэжээлийн бүрэлдэхүүн харилцан адилгүй бөгөөд Орог нуурт нуурын хэлбэрийн идэш тэжээлийн бүрэлдэхүүнд 70-80%-ийг загас эзэлж байсан бол Бөөн Цагаан нуурт 77%-ийг хара замаг, 9%-ийг дээд ургамал, 8%-ийг загас, үлдсэн хэсгийг жингэнүүр ялааны авгалдай (хирономид), усны шавьж, түүний авгалдай эзэлж байсан.

Амьдрах орчин:

Нуурын 3.5 м-ээс доош гүнтэй хэсэг ёроолоос дээш 2 м-т тархан амьдарна. Хавар нуурын эрэг орчмоор сүрэглэн идээшилнэ. Зундаа нуурын эргийн гүехэн хэсэг, цутгал голын адаг орчмоор сүрэглэнэ.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт эмзэг, B2ab (ii,iii,iv,v).

Тархац:

Төв Азийн гадагш урсгалгүй ай савын Говийн хөндийн нууруудын Орог, Таацын Цагаан, Улаан нуур, Бөөн Цагаан нуур, Сангийн далай нуур, Баян нуур, Увс нуурт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.