Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Шивэр хилэм

Англи нэр: Siberian sturgeon

Хүрээ: Хөвчтөн

Анги: Яст загас

Баг: Хилэмтэн

Овог: Хилэмийнхэн

Төрөл: Хилэм

Ерөнхий шинж:

Бие уртавтар, ээрүүл хэлбэртэй, нурууг дагасан нэг эгнээ, хоёр хажуу, хэвлийг дагасан тус бүр хоёр эгнээ, бүгд 5 эгнээ хагадсан товхтой. Хошууны доод талд байрласан саран хэлбэрийн амтай. Толгойн доод талд хөндлөн эгнээ болсон 4 сахалтай. Арьс, ялангуяа толгойн хэсэгтээ товхон хайрстай. Нурууны сэлүүр 37-54, хэвлийн сэлүүр 22-32, сүвийн сэлүүр 20-34, цээжний сэлүүр 36-51 гуурстай. Сүүлний сэлүүр жигд биш дээд сэлүүр нь дөрвөн өнцөгт хайрстай. Нурууных 12-19, хажуугийнх 26-44, өехийнх 9-15 товхтой. Биеийн зүс бараан хүрэн, хэвлий цайвар шар. Товхон эгнээний хооронд жижиг ялтас ба ясжсан будаалгатай. Эрүү шүдгүй.

Биологийн онцлог:

Монгол оронд тархан амьдрах шивэр хилэм нь 1.5 м, 35 кг хүрнэ. Атуух (эр) 10-12 насандаа 95-108 см урт, 4-6 кг жинтэй, атуу (эм) загас 12-14 насандаа 108-120 см урт, 5-7 кг жин хүрэхэд бэлгэ боловсорч үржилд орно. 5 сарын дундаас 6 сарын 15 хүртэл ус 10-15 хэм дулаан байхад хайрга чулуун дээр, чулууны завсар түрсээ шахна. Атуу дунджаар 422 мянган түрс гаргана. Шумуулын авгалдай, цөөн өргөст хорхой, хоовгоны авгалдай зэрэг ёроолын амьтдаар хооллоно.

Амьдрах орчин:

Голын гүн, эргүүлэгтэй усны ёроолд элс, лаг шавартай газарт тархан амьдарна.

Хамгаалалтын статус:

Дэлхийн хэмжээнд: Эмзэг A2d. Бүс нутагт: Устаж байгаа,, B2ab (iii,v).

Тархац:

Сэлэнгэ, Дэлгэрмөрөн, Идэр, Тамир-Орхоны бэлчир, Орхон голыг өгсөн нүүдэллэж түрсээ шахна. Үржлийнхээ дараа Байгаль нуур луу нүүдэллэнэ. Монгол дахь тархалт нь тодорхой бус учир тэмдэглэгдэж болох магадлалтай голын сав газрыг зурагт тэмдэглэв.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.