Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Цагаан загас

Англи нэр: Arctic white fish, pidschian

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Яргайтан

Овог: Цагаасагынхан

Төрөл: Цагаан загас

Ерөнхий шинж:

Бие хажуугаасаа хавчгар, жижиг амтай, хошуу нарийн. Бие мөнгөлөг цайвар, хайрс том, элдэв толбо байхгүй. Үржлийнхээ үед атуухын (эр загас) толгой, хайрсан дээр мөнгөлөг бэржрүү үүсдэг. Дагзнаас нурууны сэлүүр хүртэл нуруу бөгтөрдүү. Нурууны сэлүүрийн ард өөхөн сэлүүртэй. Заламгайн өргөс цөөн 15-27. Нурууны сэлүүрт салаалаагүй III-IV, салаалсан 10-13, сүвийн сэлүүр салаалаагүй III-IV, салаалсан 10-15, хэвлийн сэлүүр салаалаагүй II, салаалсан 11-16, цээжний сэлүүр салаалаагүй I, салаалсан 1-12 гуурстай. Хажуугийн шугаманд 71-98 хайрстай.

Биологийн онцлог:

Цагаан загас нь 66 см, 3.5 кг хүрнэ. 5-7 насандаа биеийн урт 38 см хүрэхэд бэлгэ боловсорч үржилд орно. Нуурын цагаан загасны бүл 8 сарын дундаас ус 12-18 хэм байхад 1.5-3.0 м гүнд, нуур-голын цагаан загасны бүл намар 10 сарын эхээр ус 3 хэмийн дулаанаас -0.8 хэм болоход 2-4 м гүнд элс, хайрга чулуун дээр сүрэглэн түрсээ шахна. Атуу дунджаар 8.0-33.3 мянган түрс гаргана. Түрс шаргал өнгөтэй. Түрсний диаметр (голч) 1.2-1.5 мм. Цагаан загас 13 насална. Цагаан загас нь жингэнүүр ялааны авгалдай, зөөлөн биетэн, хоовгоны авгалдай зэрэг усны ёроолын шавьжаар хооллодог.

Амьдрах орчин:

Хавар Дархадын хотгорын нуур, голын идэш тэжээлээр баялаг, гүехэн устай хэсэгт идээшилнэ. Үржлийнхээ үед нуураас гол руу, голоос нуур луу шилжин амьдарна. Зуны улиралд голын тогтуун урсгалтай хэсэг, булан тохойд амьдарна.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт устаж болзошгүй, B2ab(iii, v).

Тархац:

Хойд мөсөн далайн ай савын Дархадын хотгорын нуур, голууд, Эг, Үүр, Идэр, Сэлэнгэ мөрөнд тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 8-р сарын 1 өдрөөс 10-р сарын 19 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.