Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Монгол хадран

Англи нэр: Mongolian grayling

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Яргайтан

Овог: Хадрангынхан

Төрөл: Хадран

Ерөнхий шинж:

Бие бахим, бараавтар саарал, нуруун тал бүдэг хар ногоон туяатай, хэвэл цайвардуу, нурууны сэлүүр солонгорсон хүрэн ягаан толбогүй. Үржлийнх нь үед ч толбо бий болдоггүй. Нурууны сэлүүр богино, намхан. Нүд том, сайн хөгжсөн. Бусад хадран загастай харьцуулахад том амтай. Эрүүний шүд сайн хөгжсөн. Бие маш нягт том хайрсаар хучигдсан. Өөхөн сэлүүртэй. Заламгайн өргөс 15-21. Нурууны сэлүүрт салаалаагүй V-X, салаалсан 10-16, сүвийн сэлүүр салаалаагүй III-IV, салаалсан 7-12, хэвлийн сэлүүр салаалаагүй I, салаалсан 12-17, цээжний сэлүүр салаалаагүй II, салаалсан 8-12 гуурстай. Хажуугийн шугаманд 70-94 хайрстай.

Биологийн онцлог:

Монгол хадран нь 70 см, 3 кг хүрнэ. 5-6 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. Үржил 4 сарын сүүлээс ус 4-6.0 хэм болоход нуурт цутгаж буй голоо өгсөн сүрэглэн хайрга чулуун ёроолд үүр засан түрсээ шахна. Үр тогтосны дараа атуух нь 7-10 хоног үүрээ манана. Атуу 17-18 мянган түрс гаргана. хооллоно. Монгол хадран нь 16 насална. Голчлон ёроолын амьтан, загасаар хооллодог холимог идэштэй загас юм.

Амьдрах орчин:

Хүчилтөрөгчийн хангамж сайтай, харгиа боргио, голын цутгал хавийн харзтай хэсэгт тархан амьдарна. Зундаа нуурын 3.0-4.5 метрийн гүнд, өвөлдөө нуурын гүн хэсэгт амьдарна.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт эмзэг, B2ab(iii, v)

Тархац:

Төв Азийн гадагш урсгалгүй ай савын унаган загас. Ховд, Буянт, Бөх мөрөн, Хариг, Чигэстэй, Богд, Яруу, Завхан гол, Хотон, Хоромдог, Хоргон, Даян, Ачит, Айраг, Хар, Хар-Ус, Хонгор-Өлөн, Толбо, Хөх нуурт тархан амьдардаг.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.