Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Тогтмолын цоохлой

Англи нэр: Amur sleeper

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Алганатан

Овог: Цоохлойхоны

Төрөл: Цоохлойн

Ерөнхий шинж:

Нуруу, бараан толбонуудтай. Эдгээр толбо ерөнхийдээ 3 эгнээ үүсгэнэ. Хэвлий цайвардуу шаргал буюу хэвлийн хоёр хажуу шаргал зүсмийн. Заламгайн хавтас цэнхэр ногоон өнгөтэй бөгөөд хавтас дээр толгойн дагуу 2 эгнээ бараан судалтай. Биеийн урд хэсгээрээ зузаан бөөрөнхийдүү төгсгөл хэсэгтээ нарийссан. Толгой нь дээрээсээ хавтгайвтар. Доод эрүү уртсаж, дээд эрүүг давсан. Ам том, дээд эрүүний урт нүдний арын босоо тэнхлэгтэй тэнцүү. Сахал байхгүй. Доод эрүүн дээр 3 эгнээ шүдтэй. Бие циклоид хэлбэрийн хайрсаар бүрхэгдсэн. Толгойн хажуугаар духны дунд хэсэг хүртэл хайрс үргэлжилнэ. Заламгайн хавтас дээр өргөс хатгуургүй. Заламгай хоорондын зай бага. Өехийн сэлүүрээс бусад бүх сэлүүр дугуйрч төгссөн ба дугуйрсаны аясаар хөндлөн бараан эгнээ судлуудтай. Нурууны сэлүүрийн 2 дахь сэлүүр том. Цээжний сэлүүр уртавтар, доор байрлалтай. Нурууны сэлүүрийн эхний сэлүүр салаалаагүй.

Биологийн онцлог:

Тогтмолын цоохлойн биеийн урт 25 см хүрнэ. 2 насандаа бэлгэ боловсорно. 6-р сараас 7 сар хүртэл ус 15-20 хэмийн дулаантай болоход хэсэгчилэн усанд хөвж байгаа предметийн доод талд түрсээ шахна. Атуу 1000 ширхэг түрс гаргана. Атуух нь түрсээ хамгаална. 1950-иад оны үед Европод нутагшуулсаны дүнд хаа сайгүй тархах болсон. Элдэв идэшт. Ялангуяа агнуурын ач холбогдолтой загасны түрсийг их хэмжээгээр идэж тэдний нөөцөд сөргөөр нөлөөлөх эсвэл шахаж гаргах аюултай.

Амьдрах орчин:

Нуур голын булан тохойн тогтуун урсгалтай, ургамал элбэгтэй, наранд хялбар халдаг гүехэн хэсгээр зонхилон амьдарна.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт үнэлэх боломжгүй.

Тархац:

Буйр нуур, Оршуун, Халх гол, Хар усан тохойд тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.