Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Тул

Англи нэр: Taimen

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Яргайтан

Овог: Хулдынхан

Төрөл: Тул

Ерөнхий шинж:

Бие бүдүүн, уртавтар. Ам тэгш, том. Дээд эрүү урт, нүднээс хойш давсан. Толгой дээрээ жижиг дугуй бараан толботой, биеийн гадаргуудаа х хэлбэрийн, хагас сар хэлбэрт хар бараан толботой. Хайрс жижиг. Тулын нуруу хүрэвтэр бараан, хажуу тал зэсэн улаан хүрэн, өехий мөнгөлөг цагаан өнгөтэй. Үржлийн үед биеийн гадаргуу зэсэн хүрэн, сүүлний сэлүүр улаан болно. Нурууны сэлүүрийн ард өөхөн сэлүүртэй. Нурууны сэлүүрт салаалаагүй III-IV, салаалсан 9-11, сүвийн сэлүүр салаалаагүй III-IV, салаалсан 8-10, хэвлийн сэлүүр салаалаагүй I-III, салаалсан 12-15, цээжний сэлүүр салаалаагүй I-II, салаалсан 8-10 гуурстай. Самалдаг, тагнайд тах хэлбэрийн зурвас үүсгэн ургасан олон шүдтэй.

Биологийн онцлог:

Монгол оронд тархан амьдрах тул загас нь 1.8 м, 45 кг хүрнэ. 7 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. 5 сарын дундаас ус 10 хэм дулаан болоход голоо өгсөн ширүүн урсгалтай хайрга чулуун ёроол бүхий хэсэгт үржинэ. Үржлийнхээ үед хос үүсгэнэ. Үржлийн хосууд 0.5-1.0 м гүнд 1.0-1.5 м диаметртэй, 20-30 см гүнтэй үүр ухан түрсээ шахна. Атуу дунджаар 8.5-30.0 мянган түрс гаргана. Биеийн жин, урт нь нэмэгдэх тутам төлжилт ихсэнэ. Түрсний диаметр (голч) 5.3-5.9 мм. Тул загас 50 орчим наслана. Залуу тул усны элдэв сээр нуруугүйтэн амьтдаар хооллож байгаад 4 наснаасаа махан идшинд шилжин загас, жижиг хөхтөн, шувууны ангаахай, дэгдээхий барьж иднэ.

Амьдрах орчин:

Уулын ширүүн урсгалтай, хүйтэн, тунгалаг, хүчилтөрөгчөөр баялаг голын усанд амьдрах зохилдлоготой. Голын гүнзгий булан тохой, цүнхээлд өвөлжиж, хаваржина.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт устаж болзошгүй, A2de болон A3de болон B2ab (iii,v).

Тархац:

Сэлэнгэ мөрөн түүний цутгал голууд, Идэр, Чулуут, Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Орхон, Туул, Ерөө, Шишхэд, Тэнгис, Хөг, Доод Цагаан нуур, Тамир, Суман, Тэрхийн цагаан нуур зэрэг Хойд мөсөн далайн ай савын нуур, голууд Хэрлэн, Онон, Балж, Нөмрөг, Халх гол, Буйр нуур зэрэг Номхон далайн ай савын нуур, голуудад тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.