Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Цагаан хадир

Англи нэр: Chadary

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Яргайтан

Овог: Цагаасагынхан

Төрөл: Цагаан загас

Ерөнхий шинж:

Бие мөнгөлөг цагаан өнгөтэй, хайрс том, хошуу шувтан. Дээд эрүүний яс урт нарийн. Дээд эрүү доод эрүүгээ ялимгүй давсан. Дээд эрүүний яс нүдний өмнөд захад хүрдэггүй. Дархадын цагаан загастай төстэй боловч ялгарах нь толгойн хэлбэр мөн толгой болон нуруугаараа жижиг хар толботой. Сэлүүрийн үзүүр бараан. Нурууны сэлүүрийн ард өөхөн сэлүүртэй. Заламгайн өргөс цөөн 23-24. Нурууны сэлүүрт салаалаагүй III, салаалсан 10-13, сүвийн сэлүүр салаалаагүй III, салаалсан 10-13, хэвлийн сэлүүр салаалаагүй II, салаалсан 13-15, цээжний сэлүүр салаалаагүй II, салаалсан 10-12 гуурстай. Хажуугийн шугаманд 72-88 хайрстай.

Биологийн онцлог:

Цагаан хадир нь 59 см хүрнэ. 7-8 насандаа биеийн урт 40 см, 900 гр жинтэй болоход бэлгэ боловсорч үржилд орно. Намар орой 10-11 сард голын хайрга чулуу, элсэрхэг ёроолд түрсээ шахан үржинэ. Атуу дунджаар 12 мянган түрс гаргана. Гол төлөв хоовгон, жингэнүүр ялааны авгалдай зэрэг ёроолын амьтдаар хооллох ба заримдаа загасаар хооллоно.

Амьдрах орчин:

Хүйтэн, хүчилтөрөгчийн хангамж сайтай голын дээд хэсэгт тархан амьдарна. Намар усны хэм буурахад голын доод хэсэгт сүрэглэх ба өвлийн эхэн сард голын дээд хэсэг рүү өгсөн нүүдэллэнэ.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт мэдээлэл дутмаг.

Тархац:

Онон түүний цутгал Балж, Хурх гол, зарим жижиг нуурт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.