Журам / 1999-01-20
Ахуйн зориулалтаар загас барих журам
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН 04 ДҮГЭЭР ТУШААЛЫН ХАВСРАЛТ
АХУЙН ЗОРИУЛАЛТААР ЗАГАС БАРИХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Агнуурын загасны нөөц бүхий гол мөрөн, нуур цөөрөмд монгол улсын иргэн, тус улсад түр буюу байнга оршин сууж буй гадаадын иргэн ахуйн зориулалтаар загас барихад энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Зөвшөөрөл олгох
2.Ахуйн зориулалтаар загас барих зөвшөөрлийг Байгаль орчны сайдын 1995 оны 161 дүгээр тушаалаар батлагдсан ан агнах, загас барих эрхийн бичгийн маягтаар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргаас эрх олгосон ажилтан олгоно.
Гурав.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны хяналтын албаны үүрэг
6.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны хяналтын алба нь дараах үүрэг хүлээнэ:
6.1.Ахуйн зориулалтаар загас барихтай холбогдсон хууль тогтоомж, журам зааврыг ард иргэдэд сурталчлан таниулж, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохиох.
6.2.Тухайн аймаг, сум, дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар загас барих бүсийг тогтоолгож анхааруулга санамж бүхий тэмдэгтэй болгох.
6.3.Загас бүхий гол мөрөн, нууруудад Ан агнуурын хууль тогтоомж болон энэхүү журмын биелэлтийг шалгах.
6.4.Загасны нөөц байршлыг хамгаалах, хэвийн өсөлт үржилтийг нь хангахтай холбогдсон биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
6.5.Загас барих эрхийн бичгийн хадгалалт хамгаалалт, ашиглалт, бүртгэл, тооцоо, хураамжийн орлого, түүний зарцуулалтад хяналт тавих.
6.6.Загас бүхий гол мөрөн, нуур цөөрмийн ус, эрэг орчмын ой мод, газрын хөрсийг хамгаалах, нэн ховор, ховор загас бүхий газар, мөн тэрчлэн загасны нөөц нь хомсдсон газрыг орон нутгийн хамгаалалтад авахуулах.
6.7.Шаардлагатай гэж үзсэн гол мөрөн, нуур цөөрөмд холбогдох мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагаар загасны нөөц зүйлийн бүрэлдэхүүн, идэш тэжээлийн судалгаа хийлгэж дүгнэлт гаргуулах, хэрэгжүүлэх
6.8.Загасны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах эрхийн бичиг олгохтой холбогдсон үйл ажиллагааг журамлах асуудлаар санал хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүнчлэн Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.
Дөрөв.Загас сонирхогч иргэний үүрэг
7.Ахуйн зориулалтаар загас барих иргэд нь дор дурдсан үүргийг хүлээнэ.
7.1.Ан агнуурын хууль тогтоомж болон энэхүү журмын заалтыг дагаж мөрдөх.
7.2.Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид болон тухайн орон нутгийн зохих албан тушаалтны анхны шаардлагаар загас барих эрхийн бичиг, биеийн байцаалт, загас барихад ашиглаж байгаа багаж хэрэгслэл, барьсан загасыг үзүүлж, тэдний тавьсан шаардлагыг биелүүлэх
7.3.Гол мөрөн, нуур цөөрөм тэдгээрийн эрэг орчмын газрыг бохирдуулахгүй, мод сөөгийг хугалж гэмтээхгүй байх, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар анхаарал, сонор сэрэмжтэй байх.
8.Ахуйн зориулалтаар загас барих, зөвшөөрөл олгоход дор дурдсан зүйлийг хориглоно:
8.1.Ахуйн зориулалтаар загас барихад төрөл бүрийн тор, гувчуур, сэрээ, цахилгаан гүйдэл, тэсэрч дэлбэрэх болон химийн бусад бодис ашиглах, хэрэглэх.
8.2.Гол горхины бэлчрээс100 метрийн зайнаас дотогш загас барих.
8.3.Эрхийн бичигт заасан хугацаа, тоо хэмжээнээс хэтрүүлж загас барих
8.4.Эрхийн бичигт заасан газраас өөр газарт загас барих.
8.5.Байгаль орчны сайдын тушаалаар загварыг нь баталсан эрхийн бичгийн маягтаас өөр загварын эрхийн бичгээр, эсвэл албан тоотоор загас барих зөвшөөрөл олгох.
8.6.Тул загасны 40 см-ээс бага, зэвэг, хадран, цулбуурт, цурхай, гутаарь, булуу цагаан загасны 10 см-ээс бага хэмжээтэйг барих /энд дурдсан хэмжээнээс жижиг загас дэгээнд орсон нөхцөлд дэгээнээс салгаж усанд нь эргүүлж тавих/.
8.7.Дан буюу нэг ширхэг, хоёр, гурван салаа дэгээнээс илүү тооны дэгээгээр загасчлах.
8.8.Голын салаа болон татуурганд зориудын аргаар хаалт, шахуурга хийж загасчлах.
8.9.Загас агнуур эрхэлдэг мэргэжлийн аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд загасны уурга, сдининг, утас, дамар, дэгээнээс бусад үйлдвэрлэлийн зориулалтаар загас барихад хэрэглэдэг тор хэрэгслэлийг худалдаалах.
8.10.Ан агнах, загас барих эрхийн бичгийг дур мэдэн хэвлэх, хувилж ашиглах.
9.Загасчлах, загасчлуулах үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомжинд заасан хугацаа, журмын дагуу шийдвэрлэнэ.