Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Шивэр сугас

Англи нэр: Siberian dace

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Сугас

Ерөнхий шинж:

Шивэр сугасны хэвлий мөнгөлөг цайвар, нуруу хөхөлбөр бор. Нуруу болон сүүлний сэлүүр бараавтар-бор, хэвлий болон сүвийн сэлүүр, цээжний сэлүүрүүд улаан өнгөтэй. Толгойн урт биеийн өндрөөс үл мэдэг бага. Хошуу богино, нурууны сэлүүр босоо өндөр, биеийн яг дунд хэсэгт байрлана. Ам жижигхэн, бараг тэгш. Дээд эрүүний урт толгойн гуравны нэгтэй тэнцэнэ. Нурууны сэлүүрт салаалаагүй I-III, салаалсан 7-8(9), сүвийн сэлүүрт салаалаагүй II-III, салаалсан 8-10, хэвлийн сэлүүрт салаалаагүй I-II, салаалсан 13-15, цээжний сэлүүр салаалаагүй I, салаалсан 7-8 гуурстай. Залигуур араа хоёр эгнээ буюу 2.5-5.2 мөн 2.5-4.2 шүдтэй. Хажуугийн шугам 42-50 (52) хайрстай. Заламгайн өргөс 8-11.

Биологийн онцлог:

Агнуурын загас. Биеийн урт 22 см хүрнэ. 3-6 насандаа биеийн урт 11-14 см хүрэхэд бие гүйцэж үржилд орно. Үржил 5 сарын сүүлчээс 6 сарын эхэн хүртэл үржиж түрсээ голын урсгал ихтэй хэсгийн хайрга чулуун ёроолд шахна. Заримдаа түрс нь ургамалд наалдсан байдаг. Атуу 2.9-27.0 мянган ширхэг түрс гаргана. Шивэр сугас усны ёроолын шавьжийн авгалдай, хуурай газраас усанд унасан шавьж, тэдгээрийн авгалдай, замгаар хооллоно.

Амьдрах орчин:

Голын элс, чулуурхаг хурдастай, түргэн урсгалт, гүехэн хэсэг, нуурын эргийн хүчилтөрөгчөөр баяжигдаж байдаг урсгалтай хэсгээр зонхилон идээшилнэ. Урсгалгүй, хүчилтөрөгчөөр ядмаг нуур цөөрөмд амьдардаггүй. Үргэлж сүрэглэн амьдардаг загас. Мөс хайлсны дараа өвөлжөөний хонхороос гарч голоо өгсөн үржлийн нүүдэл хийдэг. Үржлийн дараа сугасны сүрэг буцаж хуучин газартаа зуны турш идээшилнэ. Намар хүйтрэхэд нуурын гүн, голын 3 м хүртэлх гүнтэй цүнхээлд өвөлждөг.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт анхааралд өртөхөөргүй.

Тархац:

Хойд мөсөн далайн ай савын Сэлэнгэ мөрөн түүний цутгал голууд, Орхон Туул, Булган гол, Өгий, Тэрхийн Цагаан нуурт тархан амьдарна. Дархадын хотгорын доод Шишхэд, Доод Цагаан нуурт тэмдэглэсэн.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.