Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Потанины Алтайн сугасны шөвгөр хоншоорт хэлбэр

Англи нэр: Potanin’s Osman “Long snout” form

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Алтайн сугасны

Ерөнхий шинж:

Шөвгөр хоншоорт сугас нь шар сугастай төстэй. Ялгагдах гол онцлог нь толгойн хэлбэрээрээ ялгаатай. Шөвгөр хоншоорт сугасны хошуу урт шөвийсөн, хошууны урт биеийн уртын 6.0-8.2%-ийг эзэлнэ. Нуруу хавиараа шаравтар, хэвлий мөнгөлөг ихэнхдээ мөнгөлөг цагаан туяатай, бие нөсөөжөөгүй. Нурууны болон сүвийн сэлүүрийн урт нохой болон шар сугасыг бодвол харьцангуй өндөр. Нурууны сэлүүрийн (D) өндөр биеийн уртын 25-21%, дунджаар 28.0%-ийг, сүвийн сэлүүрийн (A) өндөр биеийн уртын 14.5-20.0%-ийг дунджаар 17.1%-ийг эзэлнэ. Хайрс жижигхэн, хэвлийн хэсэг хайрсгүй. Өөхөн сэлүүргүй. Заламгайн хавхлаг жижиг. Залигуур араа нэг эгнээ шүдтэй. Нохой болон шар сугасыг бодвол заламгайн өргөс харьцангуй их 18-36 дунджаар 27.6.

Биологийн онцлог:

Амьдрах орчин, идэш тэжээлийн онцлогоос шалтгаалан хөвөгч амьтдаар хооллогч Потанины Алтайн сугасыг шөвгөр хоншоорт хэмээн нэрлэдэг. Шөвгөр хоншоорт сугасны биеийн урт 30 см хүрнэ. Гол төлөв 15-18 см байна. Шөвгөр хоншоорт сугас 11-12 см хүрэхэд 4-5 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. Үржлийн хугацаа шар сугасныхтай давхцана. 5 сарын эхээр нуурын мөс хайлахад үржиж эхлэх бөгөөд үржлийн хугацаа урт 8 сар хүртэл түрсээ хэсэг хэсгээр субстрат харгалзахгүй шахна. Үр тогтсон түрс усны ёроолын элс, хайрга чулуу, усны ургамалд наалдана. Түрс алтлаг өнгөтэй. Шөвгөр хоншоорт сугас нь гол төлөв хөвөгч амьтдаар хооллох ба зарим үед усны замаг тохиолдоно. Шөвгөр хоншоорт сугас нь хөвөгч амьтдаар хооллох тул заламгайн өргөсний тоо нохой болон шар сугасныхаас их байдаг.

Амьдрах орчин:

Потанины Алтайн сугасны шөвгөр хоншоорт хэлбэр нь өдөртөө Хомын хоолой, Ногоон нуурын гүн хэсэгт шөнөдөө эргийн бүсийн ургамал шигүү ургасан хэсэгт тархан амьдарна. Сүрэг үүсгэдэггүй. Ганц нэгээрээ өсвөр насны шар сугасны сүрэгтэй хамт бэлчээрлэнэ.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт эмзэг, B1ab(v)

Тархац:

Төв Азийн гадагш урсгалгүй ай савын Хар нуур, Ногоон нуур түүнийг холбосон Хомын хоолойд тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 6-р сарын 15 өдрөөс 8-р сарын 30 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.