Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Алтайн давжаа сугасны голын хэлбэр

Англи нэр: Altai’s small Osman “Dwarf “ form

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Алтайн сугасны

Ерөнхий шинж:

Хайрс жижигхэн, бие биеэндээ сууж ороогүй, бие хайрсаар бүрэн хучигдаагүй, ялангуяа хэвлийн хэсэг хайрсгүй. Нуруу мөнгөлөг саарал, хажуу, хэвэл мөнгөлөг цагаанаас шаравтар. Өөхөн сэлүүр байхгүй. Дээд, доод эрүү бараг тэнцүү. Залигуур араа нэг эгнээ, баруун болон зүүн нуманд 6-5 эсвэл 5-5 шовгор, хажуу талаасаа бага зэрэг хавчгар, үзүүр нь бага зэрэг махийсан дэгээ мэт шүдтэй. Нурууны сэлүүр (D) салаалаагүй III, салаалсан 7-8, сүвийн сэлүүр (A) салаалаагүй (II ховор) III, салаалсан 7-8 гуурстай, цээжний сэлүүр (P) салаалаагүй I, салаалсан 14-17, хэвлийн сэлүүр (V) салаалаагүй II, салаалсан 7-8 гуурстай. Заламгайн өргөс богино, зүүн нумандаа 24-32 өргөстэй. Хажуугийн шугаманд 87-118 хайрстай.

Биологийн онцлог:

Алтайн сугасны төрлийн загас нь морфологи шинж, идэш тэжээлийн шилжилт, зонхилон хэрэглэх хоол тэжээл, нас бие гүйцэх, өсөлт, амьдралын үргэлжлэх хугацаагаараа эрс ялгаатай. Амьдрах орчин, идэш тэжээлийн онцлогоос шалтгаалан Алтайн давжаа сугас нь голын болон нуурын гэсэн хоёр хэлбэрийг үүсгэдэг. Голын давжаа сугасны биеийн урт 20 см хүрнэ. 12-14 насална. Алтайн давжаа сугас нь 6-7 насандаа биеийн урт 7-8 см хүрэхэд бие гүйцэж үржилд орно. 6 сарын сүүлчээс 8 сарын эхэн хүртэл нуурын эрэг, голын булан тохой, 3-5 см гүнтэй эргийн усаар дүүрсэн хэсэгт хэдэн мянгаараа бөөгнөрөн хэсэг хэсгээр түрсээ шахна. Түрс алтлаг өнгөтэй, голч 1.2-1.3 мм. Түрс нь наалдамхай чанартай учир ургамал болон ёроолын хурдсанд бэхлэгдэнэ. Атуу 2.4-12.2 мянган ширхэг түрс гаргана. Алтайн давжаа сугасны голын хэлбэрийн идэш тэжээлийн бүрэлдэхүүнд усны ёроолын шавьж, тэдгээрийн авгалдай, хөвөгч амьтад, замаг зонхилдог.

Амьдрах орчин:

Ихэвчлэн голын тогтуун урсгалтай хэсэг, эрэг доогуур, нуур усаар дүүрэх үед нуурын эрэг орчмын нарны илчинд хялбар халдаг газар сүрэглэн амьдарна. Зуны улиралд нуураас голын адаг орчимд бөөгнөрөн үржлийн сүрэг үүсгэнэ. Ус багатай жил Говийн хөндийн нуурууд ширгэхэд голдоо өвөлжих бөгөөд нуур усаар дүүрэх үед голоос нуурт шилжин идээшилнэ.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт эмзэг, B2ab (ii,iii,iv,v).

Тархац:

Төв Азийн гадагш урсгалгүй ай савын Говийн хөндийн нуурууд, Орог, Таацын Цагаан, Бөөн Цагаан нуур, Онги, Түйн, Байдраг, Таацын гол, Увс нуур, түүний цутгал Нарийны гол, Тэсийн гол, Хойд мөсөн далайн ай савын Сангийн далай нуур, Хүйтэний гол, Тарна, Шилүүт, Хар бухын голд тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 6-р сарын 15 өдрөөс 8-р сарын 30 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.