Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Шивэр хадран

Англи нэр: Arctic grayling

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Яргайтан

Овог: Хадрангынхан

Төрөл: Хадран

Ерөнхий шинж:

Нурууны сэлүүр урт, өндөр, тод солонгорсон өнгөтэй, толботой. Нурууны сэлүүрийн суурийн урт биеийн уртын 20-27%-ийг эзэлнэ. Бие маш нягт дунд зэргийн хайрсаар хучигдсан. Тэгш амтай. Дээд эрүүний урт нүдний голчын төвийн харалдаа хүртэл үргэлжилнэ. Дээд эрүүний яс харьцангуй богино өргөн. Нурууны сэлүүрийн ард өөхөн сэлүүртэй. Заламгайн өргөс 16-21. Нурууны сэлүүрт салаалаагүй V-IX, салаалсан 11-16, сүвийн сэлүүр салаалаагүй III-IV салаалсан 8-14, хэвлийн сэлүүр салаалаагүй I-II, салаалсан 13-15, цээжний сэлүүр салаалаагүй II, салаалсан 8-9 гуурстай. Хажуугийн шугаманд 73-97 хайрстай.

Биологийн онцлог:

Шивэр хадран нь 50 см хүрнэ. 3-4 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. Үржил 4 сарын сүүлээс ус 6 хэм болж ирэхэд түрсээ шахаж эхлэх бөгөөд 5 сарын дунд хүртэл үргэлжилнэ. Голын ширүүн урсгалтай хэсгийн хайрга чулуун ёроолд 2.5-3.0х3.5-4.5 м диаметр бүхий тэгш өнцөгт эсвэл 1.8-2.4х2.4-3.1 м диаметр бүхий зуйван хэлбэртэй үүр засан сүрэг сүргээрээ түрсээ шахна. Түрсээ шахсаныхаа дараа үржлийнхээ талбайг атуух нь хамгаалан үлддэг. Атуу дунджаар 5-10 мянган түрс гаргана. Элдэв идэшт. Хоовгон, шаамий хавч, зөөлөн биетэн, соно, жингэнүүр ялааны авгалдай зэрэг ёроолын амьтад, усны ургамал, замаг, заримдаа хуурай газрын шавьжаар хооллоно.

Амьдрах орчин:

Хүйтэн, хүчилтөрөгчийн хангамж сайтай уулын гол, өндөр уулын нуурт тархан амьдарна.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт ховордож болзошгүй.

Тархац:

Хойд мөсөн далайн ай савын Сэлэнгэ мөрний бүх цутгал голууд, Хар Эрчисийн эхэн Хуримт, Сонгинот, Ёлтын гол, Дархадын хотгорын нуур, гол, Хөвсгөл, Тэрхийн Цагаан нуур, Туул голын эх, Орхон гол мөн Төв Азийн гадагш урсгалгүй ай савын Ховд гол, түүний Хар-Ус нуурт цутгах хүртэл, Хотон, Хоргон, Хоромдог, Даян нуурт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.