Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Хөвсгөл хадран

Англи нэр: Hovsgol grayling

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Яргайтан

Овог: Хадрангынхан

Төрөл: Хадран

Ерөнхий шинж:

Бие нарийхан урт, хар бараан өнгөтэй, толбогүй. Нурууны сэлүүрийн үзүүр хүрэн ягаан. Бие маш нягт хайрсаар хучигдсан. Толгой уртавтар, дээд эрүү нүдний голчын төвд бараг хүрнэ. Эрүүний шүд сайн хөгжсөн. Заламгайн өргөс 15-21. Нурууны сэлүүрт салаалаагүй VI-X, салаалсан 8-14, сүвийн сэлүүр салаалаагүй III-IV, салаалсан 7-12, хэвлийн сэлүүр салаалаагүй I, салаалсан 11-16, цээжний сэлүүр салаалаагүй II, салаалсан 8-10 гуурстай. Хажуугийн шугаманд 75-102 хайрстай.

Биологийн онцлог:

Хөвсгөл хадран нь 35 см, 310 гр хүрнэ. 5-6 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. Эхний бүл нь 4 сарын сүүлээс ус 6.8-10.0 хэм болоход нуурт цутгаж буй голоо 3-5 км өгсөн хайрга чулуун ёроолд түрсээ шахна. 2 дахь бүл нь 7 сарын эхнээс 8 сарын эхэн хүртэл нуурын эргийн хайрга чулуунд болон голоо 3-5 км өгсөн түрсээ шахна. Атуу 1100-4200 түрс гаргана. Үржлийн дараа идэвхтэй идээшлэлт үргэлжилнэ. Хөвсгөл хадран нь 11 насална. Нуурын гүнээр тархан амьдрах Хөвсгөл хадран нь хөвөгч амьтдаар, эргийн дагуух нь ёроолын амьтан, хуурай газрын шавьжаар хооллоно.

Амьдрах орчин:

Хөвсгөл хадран Хөвсгөл нуур түүнд цутгадаг гол горхиор амьдарна. Өвөл нуурын 25 м-ийн гүнээс доош тархана.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт устаж болзошгүй, B2ab (i,ii,iii,iv,v).

Тархац:

Хөвсгөл хадран зөвхөн Хөвсгөл нуур, түүний цутгал голуудад амьдардаг унаган загас.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.