Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Гутаарь

Англи нэр: Burbot

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Сагамхайтан

Овог: Гутаарийнхан

Төрөл: Гутаарийн

Ерөнхий шинж:

Бие уртавтар, сүүл хажуугаасаа хавчгар. Нурууны сэлүүр цувраа 2 байх ба эхнийх богино, удаах уртассан. Эхний нурууны сэлүүрт салаалсан 10-15 гуурс, 2 дахь нурууны сэлүүр 67-88(93), сүвийн сэлүүр 69-84, хэвлийн сэлүүр 15-21, цээжний сэлүүр 6-8 гуурстай. Сүүлний сэлүүр тэгш хэмт дугуй. Эрүүн дороо ганц сахалтай. Толгой хавтгар өргөн. Толгой, залмагайн хавтас, хоолойн хайрстай. Эрүү, самалдагтаа өргөслөг шүдтэй. Дээд эрүү доод эрүүн дээгүүр бага зэрэг давсан. Хажуугийн шугам бараг сүүлний сэлүүр хүртэл үргэлжилсэн. Биеийн зүс бараан-бор, бие, толгой дээр, бас хос сэлүүрүүд цайвар толботой. Биеийн зүс хар бараан болтол, маш хувирамтгай.

Биологийн онцлог:

Сагамхайтаны багийн цэнгэг усны ганц төлөөлөгч гутаарь 1 м, жин 24 кг хүрнэ. 3 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. Үржил нь 12-р сарын сүүлчийн хагасаас 2-р сар хүртэл үргэлжилдэг. Атуу 20570-97840 ширхэг, дунджаар 63785 ш түрстэй. Шөнийн идэвхитэй махчин загас.

Амьдрах орчин:

Хүйтэн усны загас. Зундаа гол төлөв голын эх хэсгээр идээшилнэ. Гол мөрөн нуурын хад чулуу элбэгтэй ёроол хэсэгт өдрийн цагт чулуун доор сүүдэрт хоргодоно. Намартаа усны хэм багасахад голоо уруудан үндсэн голдоо амьдарна.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт мэдээлэл дутмаг.

Тархац:

Хойд мөсөн далайн ай савын Сэлэнгэ мөрний сав газрын нуур голууд, Тэрхийн цагаан, Өгий, Хөвсгөл нуур, Дархадын Доод Цагаан нуурт, Номхон далайн ай савын Хэрлэн, Онон, Оршуун, Халх гол, Буйр нуурт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.